Та зөрүүд хүүхдэдээ эдгээр үгсийг хэл. Тэд таныг илүү сонсож, хүндлэх болно!

Хүүхэд бол эцэг эхийн тусгал, толь гэлцдэг шүү дээ. Энэ нь зүгээр ч нэг гараад ирчихсэн үг биш. Та хүүхэдтэйгээ яаж харьцана тэр таньтай буцаагаад тэгж харилцана. Тиймээс хүүхдээ зөрүүд, үгэнд ордоггүй гэж буруутгахын оронд би яалаа гэж нэг удаа бодоод үзээрэй. Одооноос ч болов хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохын тулд хэлж байгаа үгсдээ анхаарах хэрэгтэй. Бид та бүхэндээ хүүхдэдээ хэлж байх ёстой үгсийг зааврын хамт бэлтгэн хүргэж байна.

1. “Ээж аавынхаа хэлснийг санаж байна уу?”

  • Хэлж болохгүй: “Болгоомжтой яваарай даа”
  • Тайлбар: Миний хүү тоглоомын талбай дээр тоглохдоо яах ёстойгоо мэдэж байгаа биз дээ гэж сануулж хэлэх. Тэрнээс биш байнга л болгоомжтой байгаарай, тэгээрэй ингээрэй, тэрнээс хол байгаарай, энэтэй ойр байгаарай гэхчлэн үглэх нь хүүхдийн бухимдлыг төрүүлж, эсрэгээр хиймээр санагдуулж мэднэ. Танд ч гэсэн нэг юмаа үргэлж давтаж хэлээд байхаар төвөгтэй санагддаг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ нэг зүйлээ хэт олон давтаж хэлэх хэрэггүй. Үүний оронд сануулж, түүнд итгэж байгаагаа ойлгуул.

2. “Миний хүү тайван аажуухан ярьдаа”

  • Хэлж болохгүй: “Битгий хашхираад бай, Чимээгүй болоод өгөөч!”
  • Тайлбар: Хүүхдээ шууд л аяархан бай гэж загнихын оронд тайлбарлаж хэлээрэй. Хүүхдээ хаана чанга дуугарч, дуулж болохыг ойлгуул. Жишээ нь та хүүхдээ аяар байлгахын тулд “Ээж нь чиний дуулахыг сонсох дуртай. Гэхдээ одоо ээж нь ажлаа хийх хэрэгтэй байгаа болохоор миний хүү түрхэн зуур аяархан байж болох уу?” гэхчлэн эелдэг зөөлөн байхыг хичээгээрэй.

3. “Ээжээрээ, ааваараа туслуулмаар байна уу?”

  • Хэлж болохгүй: “Наад хувцсаа өмс гэж хэд хэлэх юм бэ чамд”
  • Тайлбар: Хүүхдэд хүсээд ч хийж чадахгүй зүйл гэж байдаг шүү дээ. Хүүхдэдээ ямар асуудал байгааг мэдэлгүй шууд загниж зандрахаа урьтал болгох хэрэггүй. Эхлээд очиж тайван ярилцаж, таны туслах зүйл байгаа эсэхийг лавлаарай.

4. “Хийх гэж оролдож байгаа чинь сайн байна”

  • Хэлж болохгүй: “Иймхэн юм ч хийж чадахгүй, арчаагүй юм бэ?”
  • Тайлбар: Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Сэтгэлээ гаргаж хийсэн зүйлийг нь өөлж гоочлохын оронд бага ч болов урам өгч байгаарай. Энэ л таны хүүхдийг урагш алхахад хамгийн их туслах болно.

5. “Тэгэх үү?”

  • Хэлж болохгүй: “Болохгүй, боль, яг одоо хая!”
  • Тайлбар: “Миний хүү гутлаа засаад тавьчих уу? Наад чулуугаа хаячих тэгэх үү?” гэхчлэн зөвлөсөн өнгө аясаар ярьж байгаарай. Тушаасан өнгө аяс нь хүүхдийг улам бүр өдөөж, эсрэгээр хиймээр санагдуулдаг талтай.

6. “Өнөөдөр бид яарах хэрэгтэй байна”

  • Хэлж болохгүй: “Алив хурдлаач дээ, хоцорлоо ш дээ хурдал, хөдөлж ядсан юм”
  • Тайлбар: Шууд тулгаж хүчлэхийн оронд илүү сонирхолтой арга хэрэглэж ч болно. За алив хэн нь түрүүлж гутлаа өмсөж, гэрээс гарахаа харья гэхчлэн уурлаж, загнихгүйгээр асуудлыг шийдэж болох маш олон гарц байгааг анзаараарай.

7. “Яг одоо явах уу? эсвэл дахиад 10 минут байх уу?”

  • Хэлж болохгүй: “Бос, яг одоо явъя”
  • Тайлбар: Хүүхдэд ч бас сонголт хийх эрхийг нь олго. Ингэснээр хүүхэд илүү биеэ дааж, өөрийгөө ч амархан аваад явчихдаг болно. Үйлдэл бүрийг нь зааж, өөрийн гараас гаргахгүй байх гэсний хэрэггүй.

8. “Энэ тоглоомыг энд хадгалаад төрсөн өдрөөрөө ирж авъя”

  • Хэлж болохгүй: “Би тоглоом авахгүй гэж хэлээ биз дээ, битий гоншигноод бай, хохь чинь шүү”
  • Тайлбар: Олон нийтийн газар хүүхдээ загниж, бухимдах хэнд сайхан байх билээ. Гэсэн ч дэлгүүрээс тоглоом авна гэж уурлаад байгаа хүүхдэдээ тайлбарлаж, дараа заавал ирж авна гэдгээ ойлгуулаарай.

9. “За тайван амьсгал авдаа, одоо хэл”

  • Хэлж болохгүй: “Битгий гоншигно, уйлалгүй зүгээр яриач”
  • Тайлбар: Хүүхдээ уйлаад ирмэгц, гүнзгий амьсгаа авахуулж тайвшруулаарай. Үүний дараа ярилцах нь хэн хэндээ илүү хялбар байх болно.

10. “Өөрийгөө бас бусдыг хүндэл”

  • Хэлж болохгүй: “Олигтойхон бай, сайн бай”
  • Тайлбар: Хүүхдээ сайн бай, бусдаас дээр бай гэж бүү хүчил. Түүний оронд зөв байхыг зааж өгөөрэй. Бусдыг бас өөрийгөө хүндэлж мэддэг, үнэ цэнээ ойлгосон зөв хүмүүжилтэй хүүхэд хэзээ ч энэ бартаат амьдралд хөл алдахгүй. Та хүүхдээ ингэж хүмүүжүүлсэн байхад юунаас ч айлтгүй болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!