Хүүхдэдээ өмсгөж болохгүй хувцасны төрлүүд

Эцэг эх бүр хүүхдэдээ хамгийн чанартай, эрүүл гэсэн бүхнийг хэрэглүүлэхийг зорьдог. Ялангуяа хувцаслалт дээр хүүхдийн арьсанд харшлахгүй, цэвэр даавуун хувцас сонгодог билээ. Гэхдээ заримдаа бид алдаа гаргадаг. Гоё ганган өнгөнд хууртаад, загварлаг чамин харагдуулах гэсэндээ хүүхдэд буруу хувцас сонгож өмсгөдөг билээ. Иймд та бүхэндээ хүүхдэд өмсгөж болохгүй хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Урт ороолт

Хүүхдэд урт ороолт зүүлгэж болохгүй. Тоглож наадаад гүйж байхдаа ороолтондоо тээглэж унах, ороолт нь ямар нэгэн зүйлд зүүгдэж, хүүхдийн хоолойг боогдуулах гэхчлэн аюултай нөхцөл байдлуудад орох магадлал харьцангуй өндөр байдаг. Зарим улс оронд бага насны хүүхдүүдийн ороолт зүүхийг ч хориглосон байдаг аж.

Хэт бариу хүзүүтэй цамц

Хүүхдэд нарийн, бариу хүзүүтэй цамц өмсгөж болохгүй. Өмсгөхөөс эхлээд хүүхдийг бухимдуулах төдийгүй хоолой хэсгийг барьж, цусны эргэлтийг боогдуулна. Үүнээс болж толгой эргэх, хүзүү орчим эмзэгших гэх мэт асуудал үүсч болохоос гадна чанар муутай даавуугаар хийгдсэн бол хүзүүний арьстай үрэлт үүсгэж, хүүхдийн арьсыг цочрооно.

Гэрэл тусгах элементгүй бараан хувцас

Бараан өнгийн хувцас сонгож хүүхдэдээ өмсгөх нь хүүхдээ аюулд оруулж буйгаас өөрцгүй. Бараан хувцастай бяцхан зорчигчийг жолооч нар анзаарахгүй, олны дунд хүүхэд төөрөхөд бараан хувцастай бол олоход амаргүй. Энэ мэтчилэн цөөнгүй асуудалтай учраас хүүхдэдээ тод өнгийн хувцас өмсгөж байгаарай. Үнэхээр хар бараан хувцас өмсгөж байгаа бол гэрэл ойлгогч элемент бүхий хувцас сонгохыг зөвлөж байна.

Хүнд “трэнд” гутал эсвэл хавтгай ултай гутал

Загварлаг, ганган гутал нь хүүхдийн хөлд хүнд, эвгүй байж болно. Хариуцлагагүй үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ гадаад үзэмжийг чухалчилж, хүүхдийн хөлний анатомийн хэрэгцээг үл тоомсорлодог. Том ултай хүнд пүүз өмсөж гүйж, тоглоход тухгүй байхаас гадна хүүхэд амархан ядардаг байна.

Томчуудын хувцас

Хүүхдийг ганган хээнцэр харагдуулах гэсэндээ тухгүй хувцас бүү өмсүүлээрэй. Хэт бариу, хэт нэвсгэр хувцас нь хүүхдийн хөдөлгөөнд саад хийж, цусны эргэлтийг ч удаашруулна. Мөн хүүхдийг бухимдуулж, стресст оруулж ч болох юм.

Дотор талдаа том шошготой хувцас

Хүүхдэдээ хувцас авч өгсний дараа шошгыг нь шалгаж байгаарай. Зарим хувцасны дотор талд том шошго оёж өгсөн байдаг бөгөөд энэ нь хүүхдийн биеийг үрж, тун ч таагүй байдал үүсгэнэ. Ийм төрлийн хувцас авч өгөхгүй байх эсвэл шошгийг нь хайчлаад авчих хэрэгтэй.

Бариу малгай

Хүүхдэд яг л таарсан малгайг өмсгөх хэрэгтэй. Бариу малгай нь духан дээр ул мөр үлдээж, толгой өвдөхөд хүргэдэг. Цаашлаад хөлрүүлж, загатнуулж, арьсыг цочрооно. Энэ мэтчилэн асуудлууд дуусахгүй тул багадсан малгайг нь чихэж өмсгөхийн оронд өөрт нь таарсан малгай авч өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!