Цасан цагаан үлгэрийн тухай 20 баримт: Уншсаны дараа “Энэ үнэхээр хүүхдэд зориулагдсан юм уу?” гэж бодоход хүргэнэ

Цасан цагаан киноны ремейк 2023 онд театруудаар гарч эхэлнэ. Анх 1937 онд хийгдсэн тус хүүхэлдэйн кино нь эх хувилбар болох ах дүү Гриммийн үлгэрээс өөр үйл явдалтай байсан билээ. Жишээлбэл, ханхүү Цасан цагааныг үнсээгүй, зарц нар нь түүнийг аварсан, мөн хойд эх нь гуталтайгаа бүжиглэсээр үхсэн байдаг гэхчлэн эх зохиол болон кино нь хоорондоо ялгаатай. Бид тус түүхийг судалж үзээд Цасан цагааны түүх нь зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн анхаарлыг татдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд та бүхэндээ зарим сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

  • “Цасан цагаан ба долоон одой” зохиолыг 1812 онд ах дүү Гримм хэвлүүлсэн. Энэ үлгэрийг ерөнхийдөө уран зохиол гэж үздэг ч сүүлийн үеийн судалгаагаар энэ түүх бодит амьдрал дээр тохиолдсон байж болозошгүй гэж үзэж байгаа юм.
  • Цасан цагааны дүрийг 1729 оны 6-р сарын 15-нд Баварийн Лор-ам Майн хотод төрсөн Мария София фон Эртал гэх охины дүрээс санаа авч бүтээсэн гэж үздэг. Том газар эзэмшдэг Мария Софиягийн аав эхнэрээ нас барсны дараа дахин гэрлэсэн байдаг.
  • Мария София хойд эхийнхээ хүчирхийллийг тэвчиж чадалгүй гэрээсээ буюу Лорын цайзыг орхижээ. Тэрээр хараагүй болж, амьдралынхаа үлдсэн хугацааг хийдэд өнгөрөөсөн. Мария София 71 жил амьдарсан бөгөөд гэрлэж байгаагүй.
  • Үлгэрт гардаг одойнууд нь уул уурхайн хот болох Бибергемүндтэй холбоотой байж магадгүй юм: туннелд маш намхан уурхайчид ажилладаг байсан. Мөн шилэн авсны тухайд нутгийн алдартай шилэн үйлдвэртэй холбоотой байж болно.

  • Мария Софиягийн гэр бүлийн цайзад маш гөлгөр гадаргуутай гэдгээрээ алдартай толь байдаг байжээ. Энэ нь байгаа зүйлийг хамгийн бодитоор харуулдаг байсан учраас үнэнийг хэлдэг толь гэж нэрлэдэг байв. Хожим тус цайзыг музей болгон хувиргасан бөгөөд үүн дотор алдарт толь ч бий.

  • Цасан цагаан киноны өөр нэг бодит амьдрал дээрх дүр бол Германы гүнж Маргарет фон Вальдек юм. Охины ер бусын гоо үзэсгэлэн нь хойд эх Катарина фон Харцфельдын атаархлыг төрүүлэв.
  • Маргаритаг 16 настай байхад аав болон хойд эх нь түүнийг Брюсселийн хааны ордонд болсон үдэшлэгт явуулсан байна. Тэрээр үдэшлэг дээр Испанийн ирээдүйн хаан Филипп II-тэй танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болсон.

  • Гэсэн ч охин удалгүй хойд ээжийнхээ гарт хорлогдож амиа алдсан гэж үздэг. Цасан цагааны түүхийг гүнжтэй холбох өөр нэг шалтгаан гэвэл түүний төрсөн нутаг Германы бүс нь зэсийн орд байсан. Тус газрын уурхайд хүмүүс нуруугаа бөгтийлгөж, намхан болж ажилладаг байсан тул одой нар гэж нэрлэдэг байжээ.

  • Ах дүү Гримм нарын үлгэр нь далд утга санаа агуулж, хүүхдүүд гэхээс илүү томчуудын сонирхлыг татдаг. Ахин дахин унших тусам шинэ зүйлсийг ойлгож анзаардаг гэж болно.
  • Үлгэрт олон бэлэг тэмдэг байдаг. Жишээлбэл, шидэт толь нь ид шидийн утгатай, хордуулсан алим нь Библийг хэлдэг бөгөөд 7  одой нь долоо хоногийн 7 өдрийг бэлгэддэг.

  • 1833 оны намар Болдинод бичсэн Пушкиний “Үхсэн гүнж ба долоон богатирын үлгэр” нь ах дүү Гримм нарын “Цасан цагаан” зохиолтой тун төстэй юм.

  • Пушкин зохиолоо орос ардын үлгэрээс сэдэвлэн бичсэн байдаг ч, олон үндэстэнд ижил төстэй үйл явдал, утга санаатай цасан цагааны зохиолууд бий.
  • Шотландын ардын үлгэрт нэгэн хааны эхнэр охиноо горхины усанд сэлэх форел загаснаас илүү үзэсгэлэнтэй болохыг мэдсэн тухай өгүүлдэг. Грек үлгэрт 3 эгч нь бага дүүгээ өөрсдөөс нь илүү үзэсгэлэнтэй байгаад уурсаж, дүүгээ ой руу хөөж явуулдаг талаар гардаг. Тэнд охин 12 сартай уулзаж, тэдэнтэй эгч дүүс шиг амьдардаг. Мөн Италийн үлгэрт зочид буудлын эзний тухай өгүүлдэг бөгөөд зочдоос энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ гэж байнга асуудаг. Тэгээд нэг нь охиноо заахад охиныг ой руу хөөдөг байна.

  • 1912 онд үлгэрээс сэдэвлэсэн Бродвей жүжгийг тайзнаа тавьж, 1930-аад онд Дисней студид хүүхэлдэйн киног бүтээжээ.

  • 1930-аад онд зургуудыг дараалан өөрчлөх замаар хөдөлгөөнт дүрсийг бүтээжээ. Цасан цагаан киноны 1 секундын хөдөлгөөнд 12-24 зураг шаардлагатай болсон гэдэг. Аниматорууд дүрийн хөдөлгөөн, нүүрний хувирал бүрийг гараар зурсан аж.
  • Хүүхэлдэйн кино нь үлгэрээс нэг чухал зүйлээр ялгаатай байсан бөгөөд тэр нь бие даасан шинж чанартай, тус тусын зан авиртай одойнууд юм. Үлгэрт бол одойнуудыг онцолж харуулдаггүй ч, кинон дээр тодорхой болгодог. Мөн Дисней одойнуудыг гол дүр болгон тусад нь богино хэмжээний цуврал хийхээр төлөвлөж байсан гэх яриа ч бий.

  • Хүүхэлдэйн киноны өрнөл нь ах дүү Гримм нарын бичсэн анхны эх зохиолоос өөр болсон.
  • Жишээлбэл, эх зохиол дээр ханхүү унтаж буй Цасан цагааныг үнсдэггүй. Тэрээр болор авсныг аавдаа хүргэхээр авч явахдаа унагах бөгөөд энэ үед цасан цагааны хоолойноос хортой алимны хэсэг гарч ирэн, охин амь ордог.

  • Зохиолын төгсгөлд хойд эх тольтойгоо ярьж, энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нэгнийг харуулаач гэхэд хуримаа хийж буй цасан цагаан харагдана. Хойд эх цасан цагааны хуриманд очиход, ханхүү хорон санаат хойд эхийг таньж шатам халуун гутал өмсгөж, бүжиглүүлсээр алдаг.

  • Цасан цагааны түүх өнөө хэр нь сонирхолтой хэвээр байгаа бөгөөд 2023 онд Дисней компани Рэйчел Зеглер, Гал Гадот нарын тоглосон Цасан цагааны шинэ түүхийг хүргэхээр зэхэж буй билээ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!