Турьхан охидоос булчинлаг фит биетэй болж өөрчлөгдсөн алдартай охидын хамтлагийн гишүүд шуугиан тарьж байна

Солонгосын к-поп урлаг дэлхийд хүчээ аваад байгаа. Хүүхэд залуус гэлтгүй хөгшин настай хүмүүс ч тэдний дууг сонсож, дагаж бүжиглэж, үлгэр дууриалал авдаг. Охидын хамтлагийн гишүүд хамгийн түрүүнд хөөрхөн царайтай, туранхай байх ёстой гэх шаардлагыг хангах ёстой болдог. Тэдний өхөөрдөм төрх, сэтгэл татам байдал, эерэг хандлага нь амжилтанд хүргэнэ гэж ойлгож болно.

Тэгвэл сүүлийн үед кпоп охидын хамтлагийн гишүүд хэт туранхай, хугарч унах гэж буй мэт байхаа больжээ. Охид бие галбиртаа бас эрүүл мэнддээ анхаарч, булчингаа хөгжүүлэх болсон бөгөөд энэ нь хүмүүсийн магтаал сайшаалыг хүртээд байгаа юм.

Солонгосын үндэсний охидын хамтлаг гэгддэг “Twice”-ийн гишүүд сүүлд АНУ-д хийсэн тоглолтын үеэр бүгд булчинлаг болсон байсан нь шуугиан тарьсан юм. Өмнө нь турьхан биетэй харагддаг байсан охид бүгд бие галбираа хөгжүүлж, гарын хоёр болон гурван толгойт булчингаа гаргаж, хэвлийн булчингаа хүртэл гайхуулаад амжсан билээ. Эрчүүдээс дутахгүй төгс бие галбиртай болж чадсан охид хүн бүрийн анхаарлыг татаж байна.

Тэдэн дундаас реппер Чэёон жижигхэн биетэй ч, чамгүй булчинлаг гэдгээрээ алдартай. Фитнесээр тууштай хичээллэдэг түүний булчинг харсан охид залуус шууд л фитнест бүртгүүлэхээр гарч явдаг гэх хөгжилтэй яриа ч бий.

Үүнээс гадна “Red Velvet” хамтлагийн охид ч мөн адил фит биеэрээ гайхагдах болов. Бие галбиртаа ихээхэн анхаардаг охид улам бүр булчинлаг болж байгаа нь олон охид залууст эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Одооноос хэтэрхий туранхай, үлээвэл хийсчих мэт охид трэнд байхаа больж байна.

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!