Украинд гацсан хоёр настай Солонгос хүүхэд Элчин сайдын яамнаасаа тусламж авч чадалгүй хонгилд амьдарч байна

Өнгөрсөн сарын 28-нд Украины зүүн өмнөд хэсгийн Херсон хотын газар доорх хоргодох байранд -4 хэмийн хүйтэнд Дариа (34 настай) хоёр настай охин Софиягаа гадуур хувцсандаа ороож тэврэн суух аж. Охин ээжийнхээ тэвэрт наалдаж, хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн мэт нүүр дүүрэн инээмсэглэнэ.

Софиягийн иргэншил бол Солонгос. Түүний аав нь Солонгос хүн бөгөөд эхнэр хүүхэд дээрээ очиж чадахгүй хилийн зааг дээр яах аргаа олохгүй сууж байгаа гэнэ. Солонгост байгаа ноён Ван “Эхнэр охин хоёр маань Херсон хотоос гарч чадахгүй гацчихаад байна. Оросын арми зам дээр хяналт тавьж, бензин хүрэлцэхгүй байгаа учраас тэд хэн нэгэн ирж аврахыг хүлээж, хөлдөж үхэх шахан өдөр хоногийг өнгөрүүлж байгаа” хэмээжээ.

Солонгост амьдарч байсан Дариа өнгөрсөн арванхоёрдугаар сард Софиятай хамт Херсон дахь эцэг эхийнхээ гэрт зочилжээ. Эртнээс ярьж төлөвлөсөн аялал байсан бөгөөд нөхөр болох Ван араас нь очиж, тэд хамтдаа нэг сар Украйнд амьдрах байсан ч, өнгөрсөн сарын 24-нд Оросын арми Украинд довтолсноор төлөвлөгөө нурсан юм.

Херсон нь Украины өмнөд хэсэгт стратегийн чухал байршилд тооцогддог. Оросуудын түрэмгийллийн эхэн үеэс тэнд ширүүн тулаан эхэлсэн. Цагдаагийн газар, нисэх онгоцны буудал, хувийн орон сууц, их дэлгүүр, их сургуулийн хотхоныг бөмбөгдсөн байна.

Өдөр бүр бөмбөг дэлбэрч, Дариа сандарч яах учраа ч олохоо болив. Орой болгон агаарын дайралт хийх дохио дуугарна. Сэрүүлэг дуугарах үед тэрээр хүнсний бүтээгдэхүүн хадгалдаг газар доорх агуулахад нуугддаг байсан аж.

Сүүлийн дөрвөн өдрийн турш София өндөр халуурч, биеийн температур нь 39 хэм хүртэл нэмэгджээ. Дариа болон түүний эцэг эх сандарч, эмч авчирч охиноо үзүүлсэн бөгөөд шаардлагатай эм тариаг хайж явсаар олж чадсан байна.

Дайны харгислалын талаар мэдээллүүд сүүлийн үед ихээхэн газар авч, Дариаг ёстой л айлгаж орхисон аж. Орос цэргүүд гар утсаараа бичлэг хийж байгаад хүний амь хөнөөсөн, 17 настай охин шөнө дөлөөр явж байгаад орос цэргүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, амь насаа алдсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ бүхнийг сонссон охины аав болох Ван юу ч хийж чадахгүй, эхнэр охиноо тэндээс авчирч чадахгүй, ядаж л өөрөө яваад очиж чболохгүй байгаадаа гутарч, арга ядахдаа сошиалд нийтэлсэн нь энэ.

Тэрээр эхнэр охинтойгоо өдөрт нэг видео дуудлага хийдэг бөгөөд Оросын арми интернэтийг нь таслаад байгаа учир холбогдоход хэцүү байгааг учирлажээ. Түүний хэлснээр Дариа Солонгосын элчин сайдын яамтай хэд хэдэн удаа холбогдож, охин нь Солонгос иргэншилтэй болохыг хэлсэн ч, тоймтой хариу өгөөгүй байна. Иймд Ван Солонгосын элчин рүү холбогдож, нөхцөл байдлаа тайлбарлаж тусламж хүссэн боловч “Херсон руу машин явуулахад хүндрэлтэй байгаа. Оросын цэргийн хүчнээс болж тэднийг авч, өөр газар руу нүүлгэх боломжгүй” гэж мэдэгджээ.

Энэ мэтчилэн дайны уршгаар хүнд хэцүү асуудалтай нүүр тулж, аргаа барж, алгаа хавсран сайхан цаг ирээсэй хэмээн мэгшиж суугаа олон гэр бүл бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!