Ямар ч мелодрамаас илүү сэтгэл хөдөлгөм хайрын түүхүүд: Гэсэн ч тэдний дурлал аз жаргалтай төгсөөгүй

Олны танил хүмүүс өдөр бүхэн л олны нүдний өмнө амьдардаг. Магадгүй энэ их дарамт, шахалт зэрэг нь алдартнуудыг хайр дурлалын харилцаа хадгалж авч явахад хэцүү болгодог байж болох юм. Өнөөдөр та бүхэндээ алдартнуудын кино шиг хайрын түүхүүдийг хуваалцахаар бэлтгэлээ. Гэхдээ эдгээр түүх аз жаргалтай төгсөхгүй гэдгийг урьдчилан сануулж байна.

Жейсон Момоа, Лиза Бонет нар

Жейсон Момоа ирээдүйн эхнэртээ анхны харцаар дурласан гэдгээ олон удаа хэлж байсан. Тэд анх жазз клубт таарсан бөгөөд тэр цагаас хойш нэгнээсээ холдолгүй 2022 оны 1-р сарыг хүргэсэн юм. Өөрөөсөө олон насаар эгч бүсгүйг өөртөө дурлуулж, хайр дурлалаа бодит болгоно гэдэг хэн бүрийн чадах зүйл биш. Гэсэн ч Жейсоны хайр үнэхээр үнэн бас бодит байсан учир Лизагийн анхаарлыг татаж, тэд гэр бүл болсон юм. Харин тэдний сайхан хайр 17 жилийн настай байв. Олон жил хамт амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болсон хосууд энэ оны эхээр салж буйгаа мэдэгдсэн билээ. Гэсэн ч тэд эргээд хамт байх арга зам хайж, сэтгэл зүйч дээр очиж байгаа тухай мэдээлэл чих дэлсээд буй.

Зои Кравиц, Карл Глусман нар

Найзуудаараа дамжуулж танилцсан хосуудын хайр дурлал маш хурдан өрнөлтэй байсан. Карл үзэсгэлэнтэй найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийдэж, бүх үйл ажиллагаа нь Парист болохоор төлөвлөгдөж байв. Гэсэн ч ажлын шахуу хуваарь зэргээс болж, тэрээр найз бүсгүйгээ өглөө дөнгөж сэрмэгц нь сүйн бөгжөө өгч, гэргийгээ болохыг гуйсан байдаг. Тэдний харилцаа ийм л энгийн, илүү дутуу зүйлгүй, аз жаргалтай байв. Хосууд хуримаа хийснээс 18 сарын дараа жүжигчин Зои Кравиц салах өргөдлөө шүүхэд өгснөөр тэдний жаргалтай амьдрал дуусгавар болсон юм. Жүжигчин бүсгүй салалтын хүнд үеийг давж буйгаа ярилцлагын үеэр дурдсан ч, ажилд бүх анхаарлаа хандуулж өөрийгөө сатааруулж буйгаа хэлсэн байдаг.

Ким Кардашян, Канье Уэст нар 

Харилцааны эхэн үед Ким Кардашиан, Канье Уэст нар шоу бизнесийн ертөнцийн хамгийн тод, нөлөө бүхий хосуудын нэг гэж нэрлэгддэг байв. Тэд 2000-аад оны эхээр танилцсан ч 2011 онд л үерхэж, хоёр жилийн дараа хосууд охинтой болж, 2014 онд гэрлэсэн. 4 хүүхдийн эцэг эх гэгдсэн тус хосуудын талаар хүн бүр сонирхож, хаа явсан газар нь дагалдана.

Харин 2021 онд хосууд салж буйгаа мэдэгдсэн бөгөөд тэр цагаас тэдний дайн эхэлсэн гэж болно. Канье Вест инстаграм хуудаснаа Кимтэй авахуулсан зургаа нийтэлж, дурсамжаа сийрүүлж, эргэн нийлэх хүсэлтэй байгаагаа олон дахин илэрхийлсэн. Тэр бүү хэл тоглолтынхоо үеэр Кимд зориулж сэтгэлийн үгээ ч хэлсэн. Харин энэ бүхнийг нь зүгээр нэг жүжиг гэж харах хүмүүс олон. Учир нь Канье хуучин эхнэр болох Кимд хайртай, эргэж нийлэх хүсэлтэй гэх ч, өөр бүсгүйчүүдтэй гадуур зугаалж, наргиж цэнгэж яваа билээ. Мөн тэрээр Ким өөрийг нь хүүхдүүдтэй нь уулзалдаггүй гэхчлэн эхнэрийнхээ талаар муу үгсийг өдөр бүр шидэж байгаа юм.

Алекс Родригес, Женнифер Лопез нар

2021 оны дөрөвдүгээр сард Женнифер Лопез бейсболын тоглогч байсан Алекс Родригесээс салсан. Тэд найзууд хэвээр үлдэхээр болсноо мэдэгдэж, Холливуудын алдартай нэгэн хос тарж бутарсан билээ.

2017 оноос хойш болзож, сүй тавиад байсан хосуудын салах болсон шалтгаан нь тусдаа хэтэрхий удаан байсан, ажлаас болж уулзаж чадахгүй явсаар харилцаа нь хөрсөн гэнэ. Харин энэнээс илүү шоконд оруулсан мэдээ гэвэл Женнифер Лопезийн шинэхэн амрагийн тухай юм. 2000-аад онд хамгийн хүчирхэг хос хэмээн тооцогдож байсан Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар 18 жилийн дараа эргээд болзож эхэлсэн билээ.

Граймс, Элон Маск нар

Энэ хосын түүх романтик эхэлсэн: Элон Маскд дуучин бүсгүйн сошиал суваг дээрх сэтгэгдлүүд хөгжилтэй санагдаж, анх тэд холбогдсон байдаг. Тэд адилхан хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд нэгнийгээ маш сайн ойлгодог бас нийцдэг болохоо ярилцлагын үеэр дурдсан удаатай. Зохион бүтээгч болон дуучин бүсгүй гэх өвөрмөц хос төрөн гарч, 2 жилийн дараа хүүхэдтэй болсон. Гэсэн ч ганцхан жилийн дараа салсан бөгөөд үүний шалтгаан нь завгүй цагийн хуваарьтай холбоотой гэнэ. Тэд салсан ч, ойр дотно харилцаатай хэвээр үлдэх төдийгүй саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан билээ. Гэхдээ энэ нь тэдний салсан гэх статусыг өөрчлөхгүй аж.

Заян Малик, Жижи Хадид нар

Төгс төгөлдөр хосууд гэвэл тэднийг л нэрлэж болохоор санагддаг байв. Царайлаг залуу, үзэсгэлэнтэй бүсгүй, бас тэдний дундаас мэндэлсэн өхөөрдөм охин. Харин энэ сайхан төгс гэр бүлийн харилцаанд ан цав үүсч салалтаар өндөрлөсөн юм. Жижигийн ээж хүргэнээ цагдаад хүртэл мэдэгдэж, зохисгүй үйлдэл гаргасан гэхчлэн маргаан үүсгэсэн. Харин үүний хариуд Заян Малик хадмууд нь үргэлж хувийн амьдралд нь оролцдог, Жижиг байхгүйд ч гэрт нь ирж дураараа аашилдаг гэхчлэн мэдэгдэл гаргасан билээ. Ямартай ч тэдний харилцаа одоо ч асуудалтай хэвээр.

Тимоти Чаламет, Лили-Розе Депп нар

Жонни Депп, Ванесса Парадис нарын охин Лили-Роуз Netflix-ийн “Хаан” киноны зураг авалтын үеэр Чаламеттай танилцжээ. Хосууд хувийн амьдралынхаа талаар тайлбар өгөхөөс татгалзаж байсан ч залуучуудын хайр дурлалын тухай цуу яриа тэр даруй хэвлэлээр гарч ирэв. Хоёр жил гаруй хугацаанд халуун дотно үерхсэн хосууд салсан нь тодорхой болсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!