Victoria’s Secret-ийн хамгийн анхны эрэгтэй загвар өмсөгч Даррен Барнет гэж хэн бэ?

Victoria’s Secret-ийн загвар өмсөгч гэхээр гайхалтай өвөрмөц дүр төрхтэй бүсгүйчүүд санаанд орж ирдэг. Гэвч тус компани үүнийг аажмаар өөрчилж, өөрийн анхны эрэгтэй модель, өсвөр насны охидын зүрх сэтгэлийг хөдөлгөгч Даррен Барнетыг танилцууллаа.

Тэрээр Netflix-ийн өсвөр насныханд зориулсан “Never Have I Ever” цуврал кинонд романтик сонирхолтой Пакетон Холл Ёшидагийн дүрд тоглодог бөгөөд Victoria’s Secret-ийн “Жендерээс ангид” тодотголтой Pink брэндийн шинэ нүүр царайгаар ажиллаж эхэлжээ. Энэ нь залуучуудыг илүү хүчирхэгжүүлж, сэтгэл санааны эрүүл мэнд буюу өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Түүнчлэн Pink брэндийн гүйцэтгэх захирал Эми Хаук албан ёсны мэдэгдэлдээ “Даррен, өсвөр насныхан болоод залуу үеийнхэнд зөв үлгэр дуурайл үзүүлдэг учраас бид энэхүү хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Мөн бид хүйсийн тэгш байдлын төлөө ажиллаж байгаа тул дараа дараачийн хамтрагчид маань үйлчлүүлэгч бүрт хувь хүний онцлог болоод итгэлийг бий болгохыг эрмэлзээсэй хэмээн хүсч байна” гэж хэллээ.

Харин Барнетийн хувьд өөрийн инстаграм хуудсандаа “Би уг шинэ хэв маягийг бусдад түгээж, нэг хэсэг нь болж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Тийм ч учраас өсвөр насныхан болон залууст хамгийн их хүрч ажиллана гэж найдаж байгаа” хэмээн нийтэлсэн байна.

Мөн тэрээр бясалгал, талархал зэрэг сэтгэл санааны эрүүл мэндэд ихээхэн анхаардаг ба 2020 онд Men’s Health сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өглөө босоод хөл дээрээ алхаж, бүрэн бүтэн амьсгалж байгаадаа талархдаг. Нүд, чих, хамар гээд байгаа бүхэн минь хүн бүрд байдаггүйг ойлгох нь өдрийг эрч хүчтэй даван туулах зориг өгдөг” талаараа дурджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!