Хүн бүрийн зөв гэж итгэдэг ч, эсрэгээрээ арьсыг гэмтээдэг арьс арчилгааны зөвлөмжүүд

Хүмүүсийн дийлэнх хувь нь арьсны асуудалтай байдаг. Арьсандаа сэтгэл хангалуун байдаг хүнтэй бараг л таарахгүй болов уу. Тийм ч учраас өөрийн арьсны асуудлыг шийдвэрлэхийн тулд баттай эсэх нь үл мэдэгдэх төрөл бүрийн арга хэрэглэж, эцэстээ арьсаа улам бүр дордуулж, эрүүл мэндээ ч эрсдэлд оруулж болзошгүй юм. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ онцгойлон арьсыг аврах бус алж байдаг зарим нэг арьс арчилгааны зөвлөмжүүдийг танилцуулж байна.

Олон төрлийн бүтээгдэхүүн ар араас нь хэрэглэх

Хүмүүс олон төрлийн бүтээгдэхүүн ар араас нь хэрэглээд үүнийгээ арьсандаа маш их анхаарал хандуулж байгаа хэмээн буруу ойлгодог. Таны нүүр бүх зүйлийг нэг дор шингээж чадахгүй тул тэр их арчилгаа нь эсрэгээрээ хор болох аюултай. Арьсны нүх сүв бөглөрөх, арьс хуурайших, үрэвсэх, цочрох, улайх зэрэг сөрөг үр дүнд хүргэж болзошгүй юм. Иймд өөрийн арьсны онцлогт тохирсон 2-3 бүтээгдэхүүнийг зөв дарааллаар шингэх хугацаатайгаар хэрэглээрэй.

Батгаа арилгахын тулд шүдний оо түрхэх

Шүдний оо нь натрийн агууламжтай бөгөөд энэ нь хатаах үйлчилгээтэй тул хүмүүс шүдний оог батган дээрээ түрхэж, хурдан хатааж эдгээхийг хүсдэг. Гэвч энэ нь шүдийг цайруулах, амны хөндийг цэвэрлэх, бактери устгах үйлчилгээтэй тул нүүр арьсандаа хэрэглэхэд хэтэрхий аюултай бөгөөд гэмтээх эрсдэлтэй. Арьсыг цочроож, тууралт, түлэгдэлт үүсгэдэг тул нүүрэндээ хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Тослог арьстай хүмүүс чийгшүүлэгч хэрэглэх шаардлагагүй

Тослог төрлийн арьстай хүмүүс арьсаа улам бүр тослогжуулахгүйн тулд чийгшүүлэгч тос хэрэглэхээс татгалзах хандлагатай байдаг. Гэвч энэ нь арьсыг хуурайшуулж, тослогийн тэнцвэрийг хадгалахын тулд тослогийн булчирхай илүү их тос үйлдвэрлэхэд хүргэдэг. Тослог арьстай хүмүүсийн тухайд тосон суурьтай бус усан суурьтай эсвэл тослоггүй чийгшүүлэгчийг өдөр тутамдаа хэрэглэхийг арьс судлалын мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Цөцгийн тос нь түлэгдэлтийг эдгээдэг.

Яагаад ч юм түлэгдсэн арьсан дээр масло буюу цөцгийн тос түрхэхийг зөвлөдөг хүмүүс цөөнгүй. Гэвч энэ нь арьсны түлэгдэлтийг улам бүр гүн болгох аюултай аж. Харин түлэгдэлтийг эмчлэх хамгийн сайн арга бол хүйтэн ус юм. Ямар нэгэн байдлаар түлэгдсэн тохиолдолд хүйтэн усаар булхах хэрэгтэй.

Батгыг шахаж болохгүй

Батгыг шахаж болохгүй гэх зөвлөгөөнүүд хаа сайгүй хөвөрч байдаг. Гэвч батгыг хурдан арилгах, арьсанд хамгийн бага хохирол учруулах шилдэг арга бол зөв цагт нь цэвэрхэх шахах явдал юм.

Нүүрээ халуун усаар угаах нь нүх сүвийг онгойлгож илүү сайн цэвэрлэнэ.

Халуун уур нь нүх сүвийг нээхэд тусалдаг бол халуун усанд шүршүүрт орох нь арьсыг хуурайшуулж гэмтээдэг талтай. Бүлээн усанд шүршүүрт орж байх нь хамгийн зөв сонголт бөгөөд нүхжилтийг агшаахын тулд хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй.

Арьсыг гуужуулах тусам арьс илүү цэвэрхэн болдог.

Арьсаа сайн гуужуулах нь зөв ч гэлээ, ямар гуужуулагч вэ гэдгийг сайтар бодож сонгох хэрэгтэй. Ширүүн бүтэцтэй гуужуулагчаар арьсаа үрж гуужуулах нь арьсыг гэмтээнэ. Иймд зөөлөн бүтэцтэй гуужуулагчаар зөөлөн гуужуулж байж арьс илүү цэвэрхэн, гэрэлтсэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!