Хэн ч амьдардаггүй хонгил болсон байшинг худалдан авч, харш болгож өөрчилсөн залуу

2020 онд Жорж Даннетт Шотландын Киннесвуд тосгонд анхны байшингаа худалдаж авчээ. Хуучирсан 2 давхар зуслангийн байшинг тэрээр 11 сарын хугацаанд гоёмсог харш болгон хувиргаж чадсан байна.

Жорж Даннетт аав ээжийнхээ гэрээс нүүж, холгүй байрлах 37 мкв зуслангийн байшинг худалдаж авчээ. Тус байшинд хэн ч амьдардаггүй, цахилгаан ус гээд юу ч байхгүй. Цонхнууд нь хэтэрхий хуучирсан, дотор хэсэг нь яг л хонгил шиг. Иймд Жорж байшингаа дахин төлөвлөж, өөрчлөхөөр шийдсэн байна.

50 гаруй жил тус байшинд хүн амьдарч байгаагүй бөгөөд өмнөх эзэд нь агуулах болгон ашиглаж байсан. Зуслангийн байшинд хуучин задгай зуух, модон шатнаас өөр бараг юу ч байсангүй. Жорж барилгачдын тусламжтайгаар байшингаа засварлах төлөвлөгөө, зураг төсөл гаргаж ажлаа эхэлжээ.

Байшингийн гадна талын дулаалга, фасад нь хэтэрхий хуучирсан байсан тул үүнийг засварлаж шинэчлэх өрлөгчин хөлсөлж, санаандаа нийцэхүйц болгож өөрчлүүлсэн байна.

Дээврийн засварын ажил төсөөлж байснаас хамаагүй том болсон. Дээврийн өрөөнд жижиг цонх гаргаж, ус дусалж байсан хэсгийг олж, дээврийг засварлажээ.

Хоёр давхарт зочны өрөөг гал тогооны өрөөтэй хослуулсан. Энэ нь илүү тухтай бас гоёмсог харагдаж байв.

Жорж буйдангийн цаадах буланд компьютерийн ширээ сандал тавьжээ. Тэрээр видео засварлах, блог хөтлөх чиглэлээр ажилладаг тул бие даасан ажлын байрыг тохижуулах нь түүнд чухал байсан нь гарцаагүй.

Өрөөний нөгөө буланд дээврийн цонхны доор гал тогооны жижиг буланг суурилуулсан бөгөөд ингэснээр байгалийн гэрэлд хоол хийхэд тохиромжтой байх болно.

Нэг давхарт угаалгын өрөө, унтлагын өрөө гэсэн 2 өрөө хийсэн. Угаалгын өрөөнд шүршүүрийн кабин суурилуулж, ердийн шилний оронд царцсан шилийг цонхны хүрээ рүү оруулав.

Шүршүүр, цонхны эсрэг талд суултуур байрлуулжээ. Энэ нь шатны доор төгс тохирч байв.

Унтлагын өрөөний хувьд Даннетт бусад өрөөнүүдийн адил цайвар өнгийг сонгосон бөгөөд голд нь өргөлттэй ханыг суурилуулж өгчээ.

Орны эсрэг талд хувцасны шүүгээ, том толь байрлуулсан байв. 2 том цонхоор нарны гэрэл өрөөнд орж, илүү тухтай болгоно.

Жорж байшингийн өмнөх талбайг чулуугаар дүүргэж, аавтайгаа хамтран тун ч хичээнгүй ажилласан байна.

Анх засварын ажил хоёр сар орчим үргэлжилнэ гэж барилгачид хэлж байсан ч ажил бараг жил сунжирсан. Даннетт зуслангийн байшинг оруулаад бүх төсөлд 157,844 фунт зарцуулсан байна. Энэ нь түүний эхэнд зарцуулахаар төлөвлөж байснаас 2 дахин их мөнгө болж хувирав. Гэсэн хэдий ч бүх бэрхшээлийг үл харгалзан тэрээр мөрөөдлийн байшингаа босгож чадсан бөгөөд ая тухтай, аз жаргалтайгаар байшиндаа амьдарч байгаа гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!