Хогийн цэг дээр өссөн ч Тайландын мисс болтлоо хөдөлмөрлөж чадсан бүсгүйн гоёмсог даашинзны нууц

Жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг Орчлонгийн Мисс буюу (Miss Universe) тэмцээн энэ долоо хоногт АНУ-ын Луйзиана мужийн Нью-Орлеанз хотод зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн тэмцээнд Тайландын мисс Анна Суеангам-Ям өмссөн даашинз олныг анхаарлыг багагүй татжээ. Тэрээр уг тэмцээний үдшийн даашинзын үзүүлбэрт оролцохдоо лаазтай ундааны тагнуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзтай оролцжээ.

“Нууцлаг Эрдэнийн Даашинз” нэртэй энэхүү хувцсыг лаазны хөнгөн цагаан тагийг Сваровскийн талстуудтай хослуулж урласан байна.

Анна энэхүү хувцасныхаа талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ.

“Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэхүү даашинзыг бүтээсэн юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн овоон дунд өнгөрч байв. Энэхүү өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүмүүсийн үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнг агуулдгийг Орчлон ертөнцөд таниулах зорилготой юм. Үүнийг харсан, сонссон хүмүүст баярлалаа. Хэлэх гэсэн санаа минь хүмүүст хүрсэн гэдэгт найдаж байна” гэсэн байна.

Өдгөө 24 настай Тайландын мисс нь Бангкок хотын хогийн цэг дээр төрж, өссөн гэнэ. Түүнийг бага байхад эцэг эх хоёр нь хогоос холдуулж, сүмд ажиллуулж, амьдруулахаар илгээж байжээ. Тэрбээр Буддын шашны гэлэнмаа нарын дунд амьдарч, тэдний хоолны үлдэгдлийг идэж амь зогоодог байсан аж.

Анна сургуульд сурах төлбөрөө олохын тулд цусны донор болж, хуванцар сав лонх цуглуулж, нийтийн ариун цэврийн өрөө цэвэрлэх ажил хүртэл хийдэг байжээ.

Одоо тэрбээр өнгөрсөн хүнд хэцүү үетэйгээ адил ядуу айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажилладаг юм байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!