Нүүрээ будахаа больсон цагаас эхлэн танд гарах өөрчлөлт

Төгс төгөлдөрийн төлөөх өрсөлдөөнд бидэнд нүүрний будагнууд хамгийн чухал зэвсэг болж өгдөг. Гэхдээ үнэхээр тэгж төгс төгөлдөр харагдах хэрэгтэй гэж үү? Өөрийн өвөрмөц байдлаа зузаан кремээр дарж нуугаад, нийгэмд тогтсон жишгийг дагаж, бусдаас ялгарах зүйлгүй болж орхидог. Өнөөдөр та бүхэндээ нүүрээ будахаа больвол танд гарах хэд хэдэн эерэг өөрчлөлтийг танилцуулж байна.

 

Таны арьс нарны гэрэлд илүү тэсвэртэй болдог

Зарим нүүр будгийн найрлагад багтдаг бодисууд нь таны арьсыг хуурайшуулж, гэмтээж болно. Мөн өөрийн арьсанд яг тохирох төрлийн бүтээгдэхүүнийг олж хэрэглэхгүй бол ихэнх тохиолдолд арьсыг гэмтээж орхидог. Жишээ нь ретинол агуулсан бүтээгдэхүүнийг оройн цагаар хэрэглэх ёстой бөгөөд үүнийг хэрэглэсэн үедээ наранд гарвал арьсыг түлж гэмтээнэ. Иймд арьсаа наранд гэмтээхгүй ганц арга бол нарны тос сайн түрхэх. Нүүрний будагны шаардлагагүйгээр нарны тосоо л сайн түрхэж байхад, нар салхинаас арьсаа сайтар хамгаалж чадна.

Таныг илүү залуухан харагдуулна

Судалгаанаас үзэхэд нүүр будалт нь дундаж насны хүмүүсийг илүү залуухан харагдуулах бол, залуу хүмүүсийг овортой харагдуулдаг байна. Иймд та нүүрээ будахгүйгээр залуухан харагдаад явах бүрэн боломжтой. Харин нас ахиад ирэхийн цагт нүүрээ цэвэрхэн гэгч нь будаад, мөн залуухан харагдаад яваарай.

Нүүрэндээ чөлөөтэй хүрч болно

Нүүрээ будсан үед нүүр загатнасан ч тэвчих хэрэгтэй болдог. Эс бөгөөс мэдээж будгаа муухай болгож, хэдэн цагийн хөдөлмөрөө талаар болгоно. Тэгвэл эсрэгээрээ нүүрээ будахгүй бол хүссэнээрээ нүдээ нухалж, нүүрэндээ хүрээд, халуунд хөлс урссан бол арчиж ч болно. Харин будагтай үед энэ бүгд хязгаарлагдана.

Өөртөө илүү итгэлтэй болно

Ямар нэгэн өө сэвээ дарахыг хүсэх биш, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь танд асар их өөртөө итгэх итгэл байгааг харуулна. Хүмүүс нүүрээ будсан үедээ өөртөө итгэлтэй болдог хэмээдэг. Тэгвэл энэ нь таны өөрийгөө хуурч байгаа нэгэн хэлбэр юм. Өө дарагч, уруулын будаг ашиглаж олж авсан итгэл удаан үргэлжлэхгүй. Иймд өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хэний ч өөдөөс хараад санаа зовохгүйгээр ярьж чаддаг эмэгтэй бол жинхэнэ хүчирхэг, өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй гэсэн үг.

Нүүрээ угааж цэвэрлэхэд ч хялбар

Нүүрний будаг таны арьсны нүхийг бөглөж бохирдуулаад, нүхжилт үүсгэнэ. Угтаа бол таны арьсыг ядрааж, гундааж, бохирдуулж байгаа хамгийн том хүчин зүйл бол нүүрний будаг. Өнөөх нүүрний будгаа арилгаж, арьсаа арчлахын тулд төрөл бүрийн үнэтэй зүйлс хэрэгтэй болно. Энэ нь цаг хугацаа хийгээд мөнгөнд халтай. Харин эсрэгээрээ нүүрээ будахаа больчихвол та маш их мөнгө болон цагийг хэмнэж чадна.

Зарим хүмүүс нүүрээ будахгүй бол арьс муухай болно хэмээн эндүүрдэг. Харин ч будаг нүүрэндээ хүргэлгүйгээр зөв арчилж, нарны тосоо тогтмол түрхэж байхад таны нүүрэн дээр батга гарахгүй, нүхжилт үүсэхгүй, үрчлээс тодрохгүй. Олон бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болсон өөртөө итгэл дүүрэн, алдартай эмэгтэйчүүд бүгд л чухал шаардлагатай нөхцөл байдлаас бусад үед нүүрээ буддаггүй. Будаггүй зургаараа инстаграм хуудсаа дүүргэж, бусдыг өөрийгөө хайрлахыг уриалдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!