Ямар ч маргааныг амархан дуусгах сэтгэл зүйн аргууд
Хос болгон маргалдаж муудалцана. Тэр бүртээ нэгэндээ хатуу үгс чулуудах нь хосуудын харилцааг хэврэг болгож, хэзээ ч нурж мэдэх хана мэт болж хувирна. Тэдгээр муу муухай үгс мартагдах гэхээс илүүтэй сэтгэлийн гүнд орон хадгалагдаж, дээр дээр нь нэмэгдэх үгс зүрхэнд хайр байх орон зайгүй болгож орхидог. Иймд хосууд маань маргалдахдаа ч мөн нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хэлэх үгсээ бодож байх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ ямар ч маргааныг амархан дуусгах аргуудыг зааж өгөхөөр бэлтгээд байна.
Бүү шүүмжил
Маргалдахдаа хайртыгаа биш, түүний хийсэн үйлдлийг шүүмжил. Хэрэв чи дандаа ингэдэг, энэ зан чинь надад таалагдахгүй байна гэхчлэн үгс чулуудах нь тэр танд таалагддаггүй, та түүнд хайргүй, дургүй гэх мэт ойлголтыг төрүүлнэ.
Харин үүний оронд түүний хийсэн үйлдлийг шүүмжлэх хэрэгтэй. Чи биш, чиний хийсэн үйлдэл бухимдал төрүүлж байгааг ойлгуулаарай.
Дуугаа хураах хэрэггүй
Зарим хүмүүс уурласан үедээ яасан ч мэдэгдэхгүй чимээгүй болчихдог. Энэ нь таныг дотроос чинь хэчнээн зовоож, бухимдуулж, галзууруулах шахдаг гээч. Иймд өөрийгөө зовоож байхын оронд хүлцэнгүй хандаж, таныг уурлахад юу нөлөөлсөн болохыг хэлж, тайвнаар ярилц.
Үргэлж муугаар төсөөлөхөө боль
Аливааг үргэлж муугаар бодож төсөөлөх нь таныг шаналгаж, сэтгэл санааг тогтворгүй болгох төдийгүй хосуудын харилцаанд ч сэв суулгана. Одооноос эерэг байхыг хичээгээрэй.
Нэгнийгээ дорд үзэж болохгүй
Юу ч боллоо гэсэн хайртыгаа дорд үзэж, иймхэн юм чадахгүй, арчаагүй юм гэхчлэн өөртөө итгэх итгэлийг нь унтраах үгс бүү хэлээрэй. Та л түүнийг хайрлаж нандигнаж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх ёстой хүн гэдгээ сана. Бусад хүмүүс түүнийг элдвээр хэлж байсан ч, та л түүнд түшиг тулгуур болж, урам зоригийг нь сэргээх хэрэгтэй. Хорвоод нэгнээ тулж түшиж амьдрах шалтгаан ердөө энэ биш гэж үү?
Буруугаа бусдад тохох гэж бүү хичээ
Хэн буруутай талаар маргахаас илүүтэй асуудлын гарцыг хамтдаа хайх хэрэгтэй.
Өнгөрснийг сөхөх хэрэггүй
Өнгөрсөнд ямар ч алдаа гаргасан байлаа гэсэн, үүнийг нь ахин дахин сөхөж, маргаандаа ашиглах хэрэггүй. Та түүний сул талыг ашиглаж, маргаандаа ялчихаад бахархалтай нь аргагүй сууж байна уу? Тэгвэл таны хайрт тэр үед харилцаандаа эргэлзэж суугааг санаарай.