Гудамжинд таныг хэн нэгэн дагаад байвал юу хийх хэрэгтэй вэ?

Цаг үе улам бүр л аюултай болж байна. Орой үдэш гэлтгүй өдрийн цагаар хүртэл ганцаараа явахад аюултай байх болсон. Ялангуяа сул дорой охид бүсгүйчүүдийг дагаж дээрэмдэх, хүчирхийлэх зэрэг ихээр гарах болсон билээ. Иймд бид дор бүрнээ болгоомжтой байж, өөрийгөө хамгаалах аргуудад суралцах ёстой. Өнөөдөр таныг хэн нэгэн дагаад байвал бол авах ёстой арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

Эргэн тойрноо сайн харж цээжил

Таны араас хэн нэгэн дагаад байвал, сандарч гүйж болохгүй. Харин тайван байхыг хичээж, эргэн тойронд тань юу байгааг ажиглаж, өөрийгөө яг хаана явааг сайн анзаарч, дараа нь хаашаа явахаа бод. Нарийн гудамж, харанхуй хэсэг рүү явж болохгүйг санаж, аль болох хөл хөдөлгөөн ихтэй газар руу яваарай.

Ойр дотны хүмүүсээс тусламж хүс

Утсаа гаргаж, таньтай аль болох ойр байгаа хурдан ирж чадах хүнийг дуудаарай. Ингэхдээ байрлалаа тодорхой хэлж өгөөрэй. Дуудсан хүнээ ирэх хүртэл кофе шоп эсвэл дэлгүүрт орж хүлээгээрэй.

Хөл хөдөлгөөн ихтэй газар руу яв

Олон хүнтэй газар тэр таныг яаж ч чадахгүй учир хүн дагаад байвал, чиглэлээ өөрчлөөрэй. Хүмүүсийг бараадаж, тэдэнтэй ойр яв.

Шууд гэр рүүгээ явж болохгүй

Хэн нэгэн дагаад байвал шууд гэр рүүгээ яарч болохгүй. Энэ удаад та амь мултарч, арай гэж гэртээ ирлээ ч, тэр танай гэрийг мэдээд авчихвал дараагийн удаа ахин дагаж, аюул тарьж мэднэ. Тиймээс түүнийг дагахаа больсон гэдэгт 100 хувь итгэлтэй болсон үедээ гэр рүүгээ яваарай.

Түүний царай төрхийг харж авахыг хичээ

Төрөл бүрийн арга ашиглаж, эргэж хараад эсвэл толинд тусгаж, утсан дээрээ селфи хийж гэхчлэн ардаас тань дагаж байгаа хүнийг сайн харж аваарай. Ингэхдээ онцлох шинж тэмдгийг анзаар. Түүний царай төрхийг тогтоож авснаар, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, дараагийн удаа өөр хэн нэгэн аюулд орохоос урьдчилан сэргийлэх ёстой.

Дүр төрхөө өөрчил

Олны дунд ороод хурдхан гадуур өмссөн куртикээ тайлж, үсээ задгайлаад өөрийгөө чадахаараа өөрчил. Ингэснээр таныг дагаж байгаа этгээд хүмүүсийн дундаас таныг ялгаж танилгүй төөрөгдөнө.

Хэн нэгнээс тусламж хүс

Гудамжинд хэн нэгэнтэй яриа өрнүүлэхийг хичээ. Дагаж байгаа этгээдэд өөрийгөө ганцаараа яваа биш гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд тухайн танихгүй хүнийг өөрийн найз мэтээр жүжиглэ. Мөн эргэн тойронд яваа хүмүүсээс тусламж хүсч, хамт алхахыг гуйгаарай.

Чанга чимээ гарга

Туслаарай гэж хашхирахын оронд гал гарлаа гээд хамаг чадлаараа орилоорой. Энэ нь хүмүүсийн анхаарлыг илүү ихээр татаж, таныг дагаж яваа этгээдийг айж зугтахад хүргэх болно.

Түлхүүрээ гаргаж бэлд

Танд өөрийгөө хамгаалах багаж хэрэгсэл байхгүй бол ядаж түлхүүрээ гаргаж, хуруунуудыхаа завсраар гаргаж бэлтгээрэй. Энэ нь сандарсан үед таны амийг аврах ганц зэвсэг болох юм.

Таныг хэн нэгэн дагаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

  • Араас тань хүн дагаад байгаа мэт санагдаж байвал, алхааныхаа хурдыг өөрчлөөд үз. Нэг хурдан алхаад, нэг удаан алх. Тэр ч бас тантай адилаар алхааныхаа хэмнэлийг өөрчилж байвал, аюул ирснийг хүлээн зөвшөөр.
  • Чиглэлээ өөрчил. Огцом эргэж, булан тойрч гэх мэтчилэн өөр өөр замыг сонгож яваарай. Тэр таныг яг дагаж яваад байвал, гарцаагүй таныг л мөшгиж, дагаж байна гэсэн үг.
  • Гэнэт зогсож, утсаа оролд. Тэр таныг өнгөрч явах нь уу, эсвэл бас ард тань хүлээж зогсох нь уу анзаараарай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!