Баярын ширээг чимэх шарсан тахианы мөч: Хамгийн амттай бас хялбархан жор

Баярын өдрүүд ойртож байна. Баярын ширээгээ ямар хоолоор чимэхээ шийдэж амжсан уу? Үгүй бол та бүхэндээ хамгийн амттай тахианы мөч шарах жорыг хүргэхээр бэлтгэлээ. Хайртай гэр бүлийнхэндээ өөрийн гараар хамгийн амттайг хийж өгөөрэй.

Орц:

  • Соё соус – 3 халбага
  • Хар перец – 1 халбага
  • Нунтаг халуун чинжүү – 1 халбага
  • Гүнжидийн тос – 1 халбага
  • Зөгийн бал – 1 амны халбага
  • Сармис – 6 хумс
  • Ургамлын тос – 80 мл

Махны хувьд та тахианы мөч, гуя эсвэл цацагт хяруулын мах сонгож болно. Энэ амталгаа нь хамгийн гол бөгөөд ямар ч махыг таатай амттай болгодог тул махны порцыг бичсэнгүй.

Махан дээрээ бүх орцоо хийнэ. Сармисаа нухагчаар нухаж хийгээрэй. Ингээд амтлагчаа махандаа тарааж, шингээгээд хөргөгчинд хийж хонуулна.

Хэрэв танд махаа хөргөгчинд хонуулах цаг байхгүй бол 30 минут амраахад болно. Ингээд шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсэж, дээр нь мөч, гуяаа тарааж тавьна. Үлдсэн амтлагчны соусыг дээр нь асгаж өгөөрэй.

Урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж, 180 хэмд 30-40 минут шараарай.

Ингээд бэлэн болсон хоолоо гаргаж таваглана. Та шарсан тахианы мөч, гуяа төрөл бүрийн салат, ногооны зууштай идэж болно. Таны баярын ширээний нэгээхэн чимэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!