Улайж, загатнасан нүдийг хэвийн болгох арга

Бидний өдөр тутмын амьдрал нүдийг ядрааж өвтгөж байдаг. Өдөржин компьютер ширтэж, орой нь хариад утсаа ухна, нэмээд зурагт үзнэ гээд л нүдийг өвтгөх үйлдлийг өдөр бүр л хийдэг. Үүний улмаас нүд загатнах, улайх гэхчлэн төвөгтэй шинж тэмдэг илэрдэг. Харин энэ үед авч болох арга хэмжээнүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Нүд тань загатнаад тайван суухад ч хэцүү байвал дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

20:20:20 дүрэм

Businesswoman rubbing her tired eyes

Компьютерийн өмнө олон цаг өнгөрүүлснээр нүд хуурайшиж, загатнаж эхэлдэг. Тиймээс 20:20:20 дүрмийг ашиглаж, нүдний дасгал хийх нь таны нүдийг амрааж, сөрөг үр дагаварт хүрэхээс сэргийлэх юм. Компьютер дээр ажиллаж байхдаа 20 минут тутамд 20 фит буюу 6 метрийн зайд байгаа зүйлийг багадаа 20 секунд ширтэх хэрэгтэй. Энэ нь таны нүдийг амраах болно.

Шингэн юм сайн уух

Биед шингэн дутагдсаны улмаас нүд загатнаж бас болно. Тиймээс ус сайн ууж, шингэнээ нөхөж байх хэрэгтэй. Энэ нь нүдийг чийгтэй байлгаж, хуурайшихаас сэргийлэхэд туслах юм.

Бүлээн болон хүйтэн жин

Таны нүд халуу оргиж, загатнаад хэцүү байна уу? Тийм бол цэвэрхэн алчуур, даавууг хүйтэн усанд базаж норгоод, нүдэн дээрээ жин тавиарай. Нүд тань хэвийн байдалдаа орох хүртэл алчуураа байн байн норгож, жин тавиарай. Харин харшлаас болж нүд тань загатнаад байвал, бүлээн жин тавих хэрэгтэй.

Нүдний дусаалга

Хэрэв үнэхээр дээрх аргуудыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол нүдний дусаалга ашиглах хэрэгтэй. Ямар шинж тэмдэг илэрч байгаагаас хамаарч, эмчээс зөвлөгөө аван дусаалга ашиглаарай. Энэ нь таны нүдийг чийгшүүлж, загатнааг арилгахын зэрэгцээ улайлтыг дарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!