Дэлхий дээр таны ээжээс өөр үүрдийн сайн найз гэж байхгүй гэдгийг батлах 5 шинж
Та хэнээс хэзээ ч дуусашгүй бас дундрашгүй хайр, дэмжлэг, халамж, итгэлийг зэрэг хүртэж чадна гэж бодож байна. Ямар нэгэн залуу, мөрөөдлийн ханхүүгээ бүү төсөөл. Учир нь танд энэ бүгдийг өгч чадах хүн бол ганцхан таны ээж юм. Тэд таны насан туршийн хамгаалагч байхаас гадна хамгийн сайн найз байж чадна. Ингээд хамтдаа таны хамгийн сайн найз ээж тань гэдгийг батлах зүйлсүүдтэй танилцъя.
Мөнхийн дэмжигч
Тэд таныг төрсөн анхны өдрөөс эхлэн хайрлаж, хамаг байдгаараа дэмжинэ. Үргэлж таны ард хана хэрэм мэт зогсож, хэрэгтэй үед тань урмын үгсийг харамгүй хэлж, түшиг тулгуур болно. Таныг аз жаргалтай болгохын тулд бүхнийг хийнэ. Харин таны ямар найз ийм үйлдэл гаргана гэж?
Танд тохиолдсон баяр баясал болон гунигийг хамт хуваалцана
Тэр таны төлөө л амьдардаг. Танд сайхан зүйл тохиолдоход өөртөө тохиолдсон мэт л баярлаж, хэцүү зүйл тохиоход хамаг зовлонг тань өөртөө авчихна. Хэзээд таны дэргэд байж л байх, юугаар ч солихгүй дэндүү эрхэм найз тань байж чадна. Тиймээс ээжээсээ дөлж, найзтайгаа ярилцах гэхийн оронд, юугаа ч нууж хаалгүй чөлөөтэй ярилцаж байгаарай. Тэр таны хамгийн сайн сонсогч, бас зөвлөгч байж чадна. Хэн хүнээс илүүтэй зөвхөн таны ирээдүй, таныг бодох учир хэлсэн үг бүрийг нь ойлгож хүлээж аваарай.
Зөвхөн үнэнийг хэлнэ
Найз гэхээр л үргэлж таныг магтаж, сайшааж, сайхан үгс хэлдэг охидыг хэлэхгүй. Таны үнэн байдлыг улаан нүүрэн дээр чинь пал хийтэл хэлж, болохгүй байгаа юмнуудыг тань ч зааж зааварлана. Тэр бол жинхэнэ найз. Баг зүүхгүй, дүр эсгэхгүй. Зөвхөн үнэнээр бас, таны төлөө байх тийм найз. Харин энийг сонсоод таны толгойд хэн бууж байна? Энэ асуултанд ихэнх охид маань ээж хэмээн хариулах болов уу.
Өөрийгөө үзэн ядаж байхад чинь ч тэд хайрласаар байна
Мэдээж хүн алдана, ононо. Залруулашгүй алдаа гаргаж, өөрийгөө зүхэж, үзэн ядах үед тань нэг л хүн таныг өнөөх л хэвээрээ хайрласаар байх болно. Тэр бол мэдээж таны ээж. Ямар ч алдаа эх хүнийг хүүхдээ хайрлахаа болих хэмжээнд хүргэж чадахгүй. Тэд таныг өөрөөс чинь илүү ихээр хайрладаг.
Жил ирэх тусам ээж охины харилцаа сайжирч, нээлттэй бас гүн гүнзгий болдог
Жил ирэх тусам ээж охин хоёр нэгнээ илүү сайн ойлгож эхлэх бөгөөд энэ нь тэдний харилцааг бат бөх, гүн гүнзгий болгоно. Хамгийн сайн найздаа ч хэлээгүй нууцаа ээждээ л дэлгэж, тусламж хүснэ. Харж явдаг бандийнхаа тухай ч ээждээ л дуулгаж, ирээдүйд гэрлэнэ хэмээн хошигноно. Эцэст нь бүх найзууд тань таныг орхиж, орчлон дээр ганцаараа мэт санагдаж эхлэхэд ээж тань л тэнд таныг эрхлүүлсээр суух болно.