Үргэлж таны итгэлийг алдаж, аз жаргалыг үгүй хийж байдаг 10 төрлийн хүмүүс

Бидний эргэн тойронд төрөл бүрийн хүмүүс хүрээлэн байдаг. Харин тэдний зарим нь хортой байх аж. Таны аз жаргалаас хумсалж, үргэлж сөрөг энерги өгөхийг хичээж, сэтгэлээ унагаж бас залхаана. Хэрэв таны хажууд тийм хүмүүс байдаг бол тэдэнд зохих шанг нь өгөөд, өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Бид өөрсдийн аз жаргалаа хэн нэгнээр сүйтгүйлэх учиргүй ч, заримдаа найз гэж бодсон хүмүүс хүртэл таныг доош нь дарахыг хичээж, бухимдуулна. Тэгвэл одоо хамтдаа чухам ямар хүмүүсийг хортой гэж нэрлээд байгааг олж мэдэцгээе.

1. Бодсон бүхнээ тунгаалгүй хэлдэг хүмүүс

Ийм хүмүүс маш олон байдаг. Толгойд төрсөн бодлоо нөгөө хүндээ яаж тусахыг бодолцолгүй шууд хэлдэг бөгөөд үүнийгээ “би шударга” гэх үгээр хаацайлдаг. Гэвч энэ нь бүдүүлэг, өөрийгөө л илэрхийлэхээс өрөөлийг огт хайхардаггүй, соёлгүй зангийн илрэл юм. Мөн өөрийгөө үргэлж үнэнийг хэлдэг хэмээн бардам дуугарах боловч, энэ нь зөвхөн тэр хүнд өөрт нь үнэн байх ч, бусдад худал байж болох аж. Үргэлж хүнээс өө эрж, энэ чинь ийм байна, тэр чинь тийм байна, наад хувцас чинь муухай байна гэхчлэн гоочилсны дараа “би л чамд үнэнийг хэлэхгүй бол” гэхчлэн өөрийгөө зөвтгөх гэж оролдох нь дургүй хүрмээр. Хэрэв таны хажууд ч бас ийм хүмүүс байдаг бол “Чамд хамаагүй” гээд ширүүхэн хэлчихэж байгаарай.

2. Хов жив яригч

Хов ярихгүй л бол ам нь загатнаж, үргэлж бусдыг муулж явдаг хүмүүс байдаг даа. Тийм хүмүүсээс үргэлж зайгаа барьж байгаарай. Учир нь тэд таныг ч бас хэн нэгэнд тэгээд л яриад сууж байгаа. Мөн бусдын тухай муу муухайг сонсох нь танд стресс авчрахаас өөр нэмэргүй. Хэрэв түүнийг зүгээр орхихыг хүсэхгүй байгаа бол аясаар нь амыг нь дагуулж сонсохын оронд хатуухан хэдэн үг хэлж, зэмлээрэй. Уулзах бүртээ хов ярих гээд байвал, ярих бүрт нь дургүйцлээ илэрхийлж, хэчнээн утгагүй арчаагүй амьдарч байгааг нь ойлгуул. Харин дараагийн удаа тэр танд хов ярьж зүрхлэхгүй.

3. Ярих донтонгууд

Тэдэнтэй юу ч ярьсан байлаа гэсэн өөр рүүгээ эргүүлдэг. Өөрийгөө л ярианы гол төв болгож, хүн залхаамаар урт яриагаа ярьсаар л байдаг. Гэсэн ч тэр таны тухай сонирхохгүй, яриулахгүй бас анхаарахчгүй. Ийм хүмүүсийг найз хэмээн нэрлэхэд дэндүү харамсалтай.

4. Үргэлж гомдоллогч

Үргэлж гомдоллож, сөрөг энергиэ танд цацдаг ажлын хамтрагч, эсвэл найз байдаг уу? Ийм хүмүүсийн тэвчих тусам улам бүр давардаг. Нэг удаа гомдоллож байгааг нь тэвчээртэй сонслоо, ахиад л гомдолло, сүүлдээ утгагүй зүйлсэд гомдоллож тэвчээр барна. Энэ бүхнийг сонсож бачимдаж суугаа таны амьдрал утгаа алдаж, сөрөг энергиэр дүүрэх болно. Тиймээс амьдралаа илүү амар хялбар байлгахын тулд ийм хүмүүсээс зайгаа бариарай.

5. Эмзэг дэлбээнүүд

Дэндүү жижигхэн зүйлсд гомдоллож, жүжиг тавьдаг хүмүүс олон. Ямар ч асуудлыг сүр дуулиантай том асуудал болгож чадах төдийгүй таныг үүнийг шийдвэрлэж өгөх ёстой мэт аашилдаг. Уулзах бүртээ л одоо бас яасан бол гэх айдастай, залгах бүрт нь ямар асуудал гарсан юм бол гэх зовнилтой амьдрах хэцүү биш гэж үү?

6. Шүүмжлэгчид

Юу ч мэдэхгүй мөртлөө, шүүмжлэх дуртай хүмүүс хаа сайгүй байдаг. Яг үнэндээ таны эргэн тойронд ч бас тийм хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Нимгэн мэдлэгээрээ таныг шүүх гэж оролдох тэдэнд зохих хариуг нь өгч байх хэрэгтэй. Эс бөгөөс энэ байдал давтагдаж, таны хамаг тэвчээрийг барж гүйцэх болно. Мэдээж хүнээс шүүмжлэл сонсдог байх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн тэр талын хангалттай мэдлэг, туршлагатай хүний шүүмжлэлийг л хүлээж авахаас бус, юугаа ч мэдэхгүй мөртлөө өө сэв эрэх найз гэх нэр хүмүүсийг амьдралаасаа гаргаарай.

7. Өөрийн ажлаа бүтээхийн тулд дүр эсгэгч

Бүх хүнтэй сайхан харьцаж, инээж явдаг хүмүүстэй харилцах сайхан байдаг. Гэхдээ ийм хүмүүс ихэвчлэн найланхай үгсээр таныг хуурч, өөрийн ажлаа амжуулах санаа ард нь нуугдаж явдаг. Өөрт нь хэрэгтэй, ашигтай гэж бодсон хүмүүстэйгээ тун чиг сайхан харьцаж, найзаа, ахаа, эгчээ гэж араас нь гүйж, нойтон хамуу мэт аашилдаг. Тэдний танд чихэнд чимэгтэй үгс хэлж байгаа нь зөвхөн өөрийнхөө ашгийн төлөө гэдгийг санаж яваарай.

8. Бүхнийг мэдэгч

Зааж зааварлах дуртай, бүхнийг мэдэгч царайлж, өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж дайрдаг найз танд байдаг уу? Заавал найз биш ч, танил хүн байгаа л байх. Ийм хүмүүс юм ярих үнэхээр төвөгтэй байдаг. Ганц үг хэлэхэд тэрний тухай мэддэг бүхнээ ярьж, өөрийгөө гайхуулахыг хичээдэг. Хэрэв энэ байдал танд төвөгтэй бас хэцүү байвал ийм төрлийн хүмүүсээс татгалзах хэрэгтэй.

9. Үргэлж сөрөг талыг харагч

Тэд таны амьдралд маш хялбархан сөрөг энергийг авчирч, баяр баяслыг тань тэр дор нь унтрааж чадах хүмүүс. Таны өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, хийсэн юм бүрийг тань үгүйсгэж басамжилна. Хүнд өөрт нь урам зориг өгч, урагшлах хүч болох хүн хэрэгтэй болохоос аз жаргалыг нь булаагч лав хэрэггүй.

10. Чулуун хана

Ямар нэгэн асуудал, маргаан үүсвэл тэд зүгээр л дуугаа хурааж, хажуудаа хана хэрэм босгодог төрлийн хүмүүс. Нөгөө хүн нь ярилцаж, асуудлаа шийдэхийг хүсэх боловч, тэд чулуун хана шиг чимээгүй суусаар л байна. Яг чухам юу нь асуудал болоод байгаа мэдэхийг хүсэвч та мэдэж чадахгүй. Учир нь тэд дуугарахгүй. Эцэстээ ийм хүнтэй хамт байсаар тэвчээр барагдаж, харилцаа дуусгавар болоход хүрдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!