Өөрийгөө олох гэж төөрч будилж яваа хүн бүрийн унших ёстой номнууд

Ном гэдэг бол хүний сэтгэлгээг тэлж, мэдлэгээр тэтгэж байдаг зүйл билээ. Тиймдээ ч хэдий их уншина төдий чинээгээр сэтгэж, хэр бага уншина харин төдий чинээ сэтгэх чадвар нь муудаж байдаг. Өөрийн биеэр үзэж туулаагүй газрууд, авч үзээгүй мэдрэмжүүд, харж сонсоогүй адал явдлуудыг номноос л харж мэдэрч, туулж болно. Тиймээс энэ жил илүү олон ном уншиж, олон төрлийн мэдрэмж, ухаарлыг аваасай гэж хүсэх байна. Өнөөдрийн хувьд та бүхэндээ санал болгох номнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрээс сонгож уншаарай.

“Ад үзэгдэх зориг”

Алдарт сэтгэл судлаач Алфред Адлерын үзэл санааг энгийн үгээр, харилцан яриа хэлбэрээр хүүрнэн өгүүлэх энэ номыг Монгол хэл дээр “Гаруна Паблишинг” эрхлэн гаргажээ. “Ад үзэгдэх зориг” бол энгийн нэг ном биш. Ихэнх хүний бодож байгаа шиг урам зоригийн уншлага ч биш. Гарчгаас нь хөөж таасан шиг хувь хүний хөгжлийн ном бас биш. Хэн нэгний намтар, эсвэл ангайлгам амжилтын түүх ч биш. Эсээ, тэмдэглэл, эргэцүүллийн аль нь ч биш. Ерөөс унших бүрд шинэ өнцөг, гүн өнгө мэдрүүлэм энэ номыг аль нэг ангилалд багтааж, хайрцаглах нь өөрөө учир дутагдалтай мэт.

Энэ бол хариулт эрсэн түмэн асуулттай тулгарсан залуу хүүгийн үнэний төлөөх эрэл хайгуулын үр дүн. Тэр багаасаа л эцэг эхийнхээ шахалтан дунд хүмүүжиж, тэднээсээ зөрүүдлэн “нэгэн хэвийн” уйтгартай ажлаар амьдралаа зогоож яваа нэгэн. Яагаад ч юм өөрийгөө бусдаас тусгаарлаж, бүтэлгүй азгүй амьтан гэсэн шошго өөртөө наасан залуу. Амьдралаас таашаал авахгүй ч байгаа юм шиг, хийж байгаа болгондоо сэтгэл дундуур ч байдаг юм шиг, үргэлж өрөөлөөс шалтаг эрж, болохгүй байгаа зүйлс болгонд хувь заяагаа буруутгана. Тэр ерөөс цаг хугацааны эргүүлгэнд гацчихсан, энэ дэлхийн хамгийн азгүй хүн гэж өөрийгөө боддог гэмээр.

“Жак магийн бүтээсэн Алибаба”

Ханжоугийн жижигхэн тосгонд амьдардаг ядуу гэр бүлээс гаралтай хятад хүү өдгөө дэлхийн тэрбумнуудын эгнээнд нэгэнт сойлон тодорж байна. Түүний үүсгэн байгуулсан эзэнт гүрэн өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй нь бидний нүдэн дээр илхэн харагдаж байгаа билээ. Нийт 44 тэрбум долларын хөрөнгөтэй, өдгөө 56 насыг зооглож байгаа Жак магийн залуу насны адал явдалаар нь хамт аялаж, алдаа онооноос нь суралцмаар байвал энэ номыг заавал уншаарай. Таныг Jack ma-гийн амьдралаар аялуулах лифтэнд урьж байна.

“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”

Та бол цорын ганц, давтагдашгүй хүн, эерэг сэтгэлгээ амжилтад хөтөлнө, сэтгэл хөдлөлөө удирд гэх мэт түгээмэл зөвлөгөөг өгөхийн оронд хүн гэдэг сул талтай, сэтгэл хөдлөлтэй, алдаа гаргадаг, буруу итгэл үнэмшилд автдаг, ихэнх хүн ихэнх зүйлийг дундаж хэмжээнд хийдэг гэдгийг зохиогч хэлж байна. Гагцхүү ийм нөхцөлд сайн сайхан, аз жаргалтай амьдаръя гэвэл өөрийн онцлог, сул тал, чадамжийг хүлээн зөвшөөрч, хатуу үнэнтэй нүүр тулгарч, ямар ч хүнд асуудал бэрхшээл зайлшгүй тохиолддог гэдгийг мэддэг байх хэрэгтэй хэмээн өгүүлжээ.

“Сурахад суралцах нь”

Энэ ном бол хүний насан туршдаа хийдэг хамгийн гол, хамгийн чухал үйл болох сурахуйн тухай олон талаас нь хөндөн бичсэн хамтын бүтээл юм. Тус номд 20 орчим хүн сурахуйтай холбоотой өгүүлэл бичин хувь нэмэр оруулжээ. Тэдний зарим нь боловсролын чиглэлээр боловсрол эзэмшсэн, энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд бол зарим нь өөр салбарт ажилладаг хэдий ч байнга суралцаж өөрийгөө хөгжүүлж байдаг хүмүүс юм. Түүнчлэн Эмос клубтэй ойр байдаг Монголын нэрт эрдэмтэн мэргэд, гаднын судлаачид ч энэ номд гар бие оролцсоныг дурдалтай. Тухайлбал, Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр гуайн “Эрдэмд нүд нээхүй” хэмээх өгүүллээр ном эхэлж байна. Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа гуай мөн “Сурахад суралцахуйн тухай монголоороороо ухаж ухаарахад тус” гэсэн өгүүлэлдээ монголчууд эрдэм сурах үйлд хэрхэн хандаж ирснийг түүхийн улбаатай бичсэн нь тун ч мэдүүштэй хэрэг болжээ. Мөн шог зураач С.Цогтбаяр гуай Эмосын номд хамтардаг уламжлалаа дагасан байна.

“Алхимич”

Энэ номыг уншихад маш хялбар байх болно. Үйл явдал, дараалал, гол санааг нь ганц уншаад л ойлгоно. Гэхдээ алхими гэж юу болохыг мэдэхгүйгээр энэ номын нуугдмал санааг олоход хэцүү. Алхими бол хувиргалтын ухаан юм. Аливаа зүйлийн бүтцийг ойлгож, түүнийг задлаад дахин бүтээх. Ерөнхийдөө солилцооны үндсэн дээр явагдана. Ямар нэгэн зүйлийг бүтээхийн  тулд заавал түүнтэйгээ тэнцүү зүйлийг буцаан өгөх ёстой. Тэгэхээр алхими гэдэг шинжлэх ухаан энэ номтой хэрхэн холбогдож байна вэ?

Жирийн л нэг хоньчин хүү зүүдээ даган эрдэнэсийг хайна. Хүүг Сантьяго гэх бөгөөд эрдэнэсийн замд түүнтэй олон хүн учирч, юуг ойлгуулж байгааг харуулна. Олон бэрхшээл, шантралтай нүүр тулсан ч эцэст нь тэр өөрийгөө сонсон, эрдэнэсийг олно. Алхими солилцооны үндсэн дээр явагддаг гэдгийг дурдсан. Энэ номыг уншаад амьдрал тэр чигээрээ солилцоо гэдгийг та ойлгох болно. Зорилгодоо хүрэхийн тулд ч гэсэн солилцоо хэрэгтэй. Хөдөлмөр, тэвчээр, цаг хугацааг өгсний дараа амьдрал таныг зорилгод чинь хүргэх болно. Амтархан уншаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!