Таныг хувцас болон гоёл чимэглэл сонгохдоо мэдрэмжгүй гэдгийг илтгэдэг түгээмэл алдаанууд

Бид өөрт тохирох жижиг чимэглэл сонгохдоо ч анхааралтай байх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь таны дүр төрхийг бүхэлд нь сүйтгэж, тохиромжгүй харагдуулах аюултай байдаг. Өнөөдөр охид бүсгүйчүүддээ зориулан түгээмэл гаргадаг загварын алдаануудыг танилцуулахаар бэлтгээд байна.

Нүүрний хэлбэрт тохироогүй ээмэг зүүдэг

Энэ нь өчүүхэн төдий зүйл мэт санагдаж болох ч буруу хэлбэртэй ээмэг сонгох нь таны царайг онцгүй харагдуулна.

  • Зууван нүүрний хувьд та ямар ч төрлийн ээмэг сонгож болно. Хамгийн гол нь гадаад төрхийг дагалдах хэрэгслээр хэт дарахгүй байх хэрэгтэй.
  • Бөөрөнхий буюу дугуй нүүрний хувьд урт ээмэг нь хамгийн зөв сонголт.
  • Зүрхэн хэлбэртэй нүүрний хувьд урт шугам, муруй бүхий ээмэг нь хамгийн тохиромжтой.
  • Дөрвөлжин хэлбэртэй нүүрний хувьд урт ээмэг болон цагираг илүү зохино.

Хэт том эсвэл хэт багадсан хувцас өмсдөг

Зарим хүмүүс хувцас худалдан авахдаа өмсөж үзэлгүйгээр, маниканд өмсгөсөн хувилбарыг хараад шууд л авч орхидог. Гэхдээ тэр маниканы бие, таных биш гэдгийг санаарай. Тиймээс хувцас худалдан авахаасаа өмнө заавал өмсөж үзэх хэрэгтэй. Мөн хэчнээн гоё хувцас байлаа ч, танд багадаж, товч нь задрах шахсан эсвэл хэт томдож, мултарч унах шахсан хувцас хэзээ ч бүү өмс. Энэ нь таныг үнэхээр тухгүй бас онцгүй харагдуулна.

Хэт ганган хувцас

Заримдаа та хэтэрхий тансаг, чимэглэл ихтэй, хатны гэмээр хувцаснаас татгалзаж байгаарай. Энэ нь танд овор нэмэхээс гадна, хэт хүнд харагдах талтай. Тиймээс хаана, хэзээ өмсөхөөс хамаарч, энгийн боловч таны галбирыг төгс гаргаж чадах чамин хувцас сонгож байгаарай.

Хэт их чимэглэл, зүүлт

Та үзэсгэлэнтэй төрхөө тодотгох гэсэндээ хэт их ээмэг, зүүлт, гоёл чимэглэл зүүх хэрэггүй. Эсрэгээрээ энэ нь таны сайхан төрхийг дарж, гундааж мэднэ. Аливаа зүйлсийн тун нь хэтрэхээрээ хор болдогтой адил, хэт их чимэглэл зүүх хэрэггүй. Гоёмсог ээмэг зүүсэн бол зүүлтээ нэг удаадаа март. Тансаг бөгж зүүсэн бол, бугуйвчаа тайл.

Хөндлөн судалтай хувцас өмсдөг

Хэвтээ буюу хөндлөн судалтай хувцаснаас үргэлж хол яваарай. Энэ нь олон жилийн өмнө хоцрогдсон загвар төдийгүй таны биеийг намхан, бүдүүн харагдуулах талтай. Ямар ч үзэсгэлэнтэй бүсгүй ийм төрлийн хувцас өмсөхөд гадаад төрх нь гунддаг.

Өөрийнхөө биед тохироогүй хувцас өмсдөг

Хэрэв та намхан бас бага зэрэг махтай бол өргөн өмд өмсөхөөс татгалз. Энэ таныг илүү намхан бас тарган харагдуулна. Харин таны өмд шагайнаас бага зэрэг дээгүүр урттай бол хамаагүй дээр харагдана шүү.

Өргөн өмд нь урт хөлтэй, туранхай бүсгүйчүүдэд л сайхан харагддаг. Элсэн цаг хэлбэрийн биетэй бүсгүйчүүд маань бэлхүүсээрээ өргөн бүс бүсэлж, биеэ зааглавал илүү загварлаг бас чамин төрхийг бүрдүүлж чадна.

Гадуур гарахдаа сонгох хувцаслалт

Хэрэв та хэн нэгний үдэшлэг, цэнгүүнд уригдсан бол зүгээр нэг өдөр тутмын хувцсаа өмсөөд очиж болохгүй. Энэ нь тухайн хүнийг, үдэшлэгийг хүндлээгүй мэт харагдана. Тиймээс хаана, юунд очих гэж байгаагаас хамаарч, үргэлж хувьсаж чаддаг байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!