Женнифер Лопезийн гэрлэж, сүй тавьж, үерхэж байсан алдартай залуучууд: Эцэст нь тэр эргээд л ганцаараа үлдлээ

Дуучин, жүжигчин, бүжигчин гэхчлэн олон тодотголтой, алдар нэр нь дэлхий нийтээр тархсан үзэсгэлэнтэй басхүү хүчирхэг бүсгүй Женнифер Лопез. Өдгөө 51 настай бүсгүйн тухайд сүй тавиад байсан найз залуу Алекс Родригесээс саяхан салж буйгаа зарлаж, ахин хүмүүсийн анхаарлыг татаад амжлаа. Хайр дурлалын тал дээр од муутай гэгддэг дуучин бүсгүй өмнө нь 3 удаа гэрлэж, 2 удаа сүй тавьж, 2 удаа албан ёсоор олны өмнө нээлттэйгээр үерхэж байжээ. Харин тэрээр одоо эргээд л ганц бие болов. Өнөөдөр та бүхэндээ ЖейЛогийн гэрлэж, сүй тавьж, үерхэж байсан залуус болон тэдний түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Ожани Ноа

Женнифер Лопезийн анхны нөхөр Ожани Ноа. Хосууд 1997 онд гэр бүл болж, 1998 онд буюу жил хүрэхгүй хугацааны дараа албан ёсоор салсан байдаг. ЖейЛо “Blood and Wine” зураг авалтын үеэр Ожанитай танилцсан бөгөөд тухайн үед Ожани ресторанд зөөгч хийдэг байсан аж. Тэд нэг нэгэндээ амархан дурлаж, гэрлэсэн боловч хайр сэтгэлийн харилцаа нь удаан үргэлжлээгүй.

Дидди

Тэд маш алдартай басхүү хүчирхэг хосууд байсан. Гэсэн ч хосуудын харилцаа 1999-2001 оны хооронд л үргэлжилсэн байдаг.

Крис Жадд

Женниферийн хоёр дахь нөхөр болох Крис Жадд. Тэрээр жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Хосууд анх  “Don’t Cost a Thing” дууны клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. Крис Жадд энэ тухайгаа ярихдаа “ЖейЛо орж ирээд, танилцаад гар барих мөчид л Хөөх би энэ эмэгтэйтэй заавал гэрлэнэ гэх бодол толгойд орж ирсэн. Тэр тийм л гайхалтай харагдаж байсан” хэмээсэн байдаг. Хосууд 2001 онд гэрлэж, бас л жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2002 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.

Бен Аффлек

Хамгийн ихээр шуугиан тарьж байсан хосууд. Шүтэн бишрэгчид нь хүртэл тэднийг “Bennifer” хэмээн нэрлэж, ёстой л хүн бүрийн харцыг булааж байсан. Тэд “Gigli” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд 2002 оны 11 сард сүй тавьж буйгаа зарласан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Тэдний болзож байгаа тухай шуумууд явж байснаа гэнэт л сүй зарлагдаж, харин удалгүй салсан мэдээ энд тэндгүй хөвөрсөн. Хосууд 2004 онд өөр өөрийн замаа хөөж байгаа зарласан бөгөөд энэ нь ЖейЛод маш хүндээр туссан болохыг онцолжээ. ЖейЛо “Миний амссан хамгийн том сэтгэлийн шарх юм болов уу даа. Ингэтлээ ихээр шархалж шанална гэж төсөөлж байгаагүй. Олон жил дэргэд минь байсан хамгийн сайн найз маань надаас явчихсан мэт л мэдрэмж төрж байна” хэмээж байжээ. Харин сүүлд 2017 онд Бен Аффлек нэгэн ярилцлагын үеэр “ЖейЛо маш хөдөлмөрч. Энэ урлагийн салбарт миний уулзсан хамгийн шаргуу, тууштай хүн байсан. Тэр зорилго мөрөөдөл рүүгээ улайрч тэмцдэг, маш мундаг бүсгүй” хэмээн дурдсан байдаг.

Март Энтони

Дуучин бүсгүйн хамгийн удаан, тогтвортой харилцаа Марк Энтонитой өнгөрсөн. 2004 оны 6 сард хосууд гэрлэлтээ батлуулж, хоёр ихэр хүүхдийн аав ээж болцгоож, 10 жилийн дараа албан ёсоор салсан. Тэд хэдий салсан боловч ойр дотно найзын харилцаатай байдаг бөгөөд хүүхдүүддээ ч хамтдаа анхаарал хандуулдаг. 2017 онд тэд хамтран Испани хэл дээр цомог гаргаж, бид нэгнээ үзэн ядаж, муудаж салсан юм байхгүй, найзууд хэвээр гэдгээ баталсан.

Каспер Смарт

Өөрөөсөө 17 насаар дүү, бүжигчин залуутай эхлүүлсэн хайр дурлалын харилцаа. Каспер нь ЖейЛогийн бүжигчин байсан бөгөөд тэд ойр дотно болж, хайр дурлалын харилцаатай болсон байна. Марк Энтонигоос салсны дараа хүнд хэцүү цаг үед нь дуучин бүсгүйд Каспер хань болж, сэтгэлийн шархыг нь анагааж өгсөн аж. Гэсэн ч хосууд 5 жил орчим үерхээд 2016 онд хоёр тийш болцгоожээ.

Алекс Родригес

2017 оны 3 сараас болзож эхэлсэн гэдэг. 2019 онд сүй тавьж, 2020 онд гайхалтай хурим хийхээр төлөвлөж байсан ч корона вирусын өвчний улмаас хойшлуулаад байсан. Гэсэн ч хосууд 2021 оны 3 сард сүйгээ цуцалж буйгаа зарласан билээ. Тэдний салалтын шалтгааныг Алексийн араар тавилттай холбоотой хэмээн медиагаар цацаад байгаа юм.

Ингээд эргээд л ганц биеэр үлдсэн бүсгүйг жүжигчин Бен Аффлектай эргээд уулзаад эхэлсэн гэх шуумууд явж эхэлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!