Д.Дагвадорж аварга хүмүүсийн хийлгэнэ гэж ам уралдаад байгаа Спутник V вакциныг өөртөө хийлгэсэн бөгөөд өнөөдөр эсрэг биетээ тоолуулжээ. Гэтэл…

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өөрийн цахим хуудсандаа Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Sputnik V вакцин хийлгэсэн талаараа ийнхүү бичжээ.

Тэрээр: “Миний хийлгэсэн Спутник вакцин 0,08% тогтсон байна. Хэвийн хэмжээ 0.1%. Спутник миний биед ийм байна.

За хүмүүс минь Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ! Гуймтгай мөртлөө Голомхой гэдэг шиг. Хятад вакцинаа хийх нь дээр юм бн шүү! Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ! Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа нэмээд хийлгэхээс өөр араггүй боллоо! Цэрэнд бол гурвыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо. За амжилт хүсье!” гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нэг сая дахь иргэн хамрагдсаныг Засгийн газрын ХМХГ-аас мэдээллээд байна. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амынхаа 50%-ийг эхний тунд хамруулсан гэсэн үг юм.

Монгол Улсад 18-аас дээш насны 2,067,292 хүн байгаа. Эдгээр иргэнээс нэг сая нь эхний тун, 450 мянга гаруй нь хоёр тундаа бүрэн хамрагдаад байна. Орон нутагт вакцинжуулах ажлыг мөн эрчимжүүлсэн.

Тархвар судлаачид хүн амын 60%-ийг вакцинд бүрэн хамруулснаар сүргийн дархлаа тогтож, нийгэм энгийн амьдралдаа орох боломжтой болно хэмээн тооцож байсан бол энэ тооцоолол өөрчлөгдөж 80%-ийг бүрэн хамруулах шаардлагатай болсон талаар Монгол Улсын Дархлаажуулалтын ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн.

ЭМЯ мөн 16-18 насны хүүхдүүдийг вакцин хамруулахаар судалгаа хийж байгаагаа мэдэгдээд буй. Гэвч энэ нь өнөө маргаашдаа шийдэх асуудал биш учраас насанд хүрэгчид вакциндаа бүрэн хамрагдвал хүүхдүүдээ эрсдэлээс сэргийлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа ЭМЯ-наас мэдээлсэн. Тиймээс нэг өдөр, нэг минутын өмнө нь гэсэн вакциндаа хамрагдахыг иргэдэд мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!