Хятадуудын үеэс үед залгамжилж ирсэн гал тогооны нууцууд

Гал тогоонд зогсоод хоол хийх хүн бүхэн л хамгийн амттай, эрүүл, өнгө үзэмж сайтай хоол хийхийг хичээдэг. Ялангуяа гэрийн эзэгтэй нар маань хайртай гэр бүлийнхэндээ төрөл бүрийн сонирхолтой хоол хүнсийг өгөхийг хүсдэг тул ном сэтгүүл, интернэтээс олон жор, зөвлөгөө зэргийг уншиж судладаг. Тэгвэл бид гадны хоолны соёлоос ч бас суралцаж, илүү амттай, шим тэжээлтэй хоол бэлтгэх аргыг мэдэж авах хэрэгтэй биш гэж үү? Өнөөдөр хамтдаа урд хөршийн хоолны соёл, өдөр тутамдаа хоол бэлтгэхдээ ашигладаг аргуудыг сонирхоцгооё.

 

Хятадууд жимс болон ногоог сайтар угааж цэвэрлэсний дараа идэж хэрэглэдэг байна. Эхлээд жимс, ногоогоо урсгал усанд зайлж, дараа нь давстай усанд хийж угаадаг. Үүний дараа ахин урсгал усаар зайлна. 2006 онд Хятадын эрдэмтэд судалгаа хийж, давстай ус нь хүнсний ногоо, жимс жимсгэнээс пестицидийн үлдэгдлийг гүйцэт устгадаг болохыг баталсан байдаг. 1:10 харьцаатай давс болон усыг хольж бэлтгэн жмс, ногоогоо угаадаг байна.

Будаа агшаах арга

Будаа агшаахдаа ус болон будаагаа аягаар хэмждэггүй. Будаан дээрээ ус хийгээд долоовор хуруугаараа хэмжиж үзнэ. Ингэхэд ус нь будаанаас дээш яг хоёр хуруу байхад хангалттай гэж үздэг ба ингэж усыг нь тааруулж агшаасан будаа ёстой л төгс агшдаг аж.

Цардуул нь хоолны үзэмжийг нэмэгдүүлдэг

Хятад тогооч нар хоолоо тэр дундаа махаа амттай харагдуулахын тулд эрдэнэ шишийн цардуул ашигладаг байна. Махаа цардуулаар бүрж, цардуулаар махны соус зэргийг бэлтгэж хэрэглэдэг аж.

Өндөгний цагаантай зөөлөн мах

Хятадууд хамгийн хатуу махыг хүртэл зөөлөн, шүүслэг болгож чаддаг. Ингэхийн тулд өндөгний цагааныг ашиглаж, үүгээр махаа амталдаг аж. Ихэнх улс орны хүмүүс хүчиллэг зүйлс буюу нимбэг, цуу, даршилсан ногоо зэргийг ашиглаж, махаа зөөлрүүлдэг. Харин Хятадууд өндөг ашигладаг шалтгаанаа тайлбарлахдаа өндөгний цагаан нь махны гадуур бүрхүүл үүсгэж, чанах явцад махыг шүүсээ алдахаас сэргийлдэг гэсэн байна.

Мах амталж бэлтгэх арга

Махтай хоол хийхдээ махаа эхлээд бүхлээр нь чанаж бэлтгэдэг. Үүний дараа ахин шарж, хуурч, эсвэл өөр усанд хийж чанадаг байна. Энэ нь мөн л тодорхой хэдэн шалтгаантай. Махыг эхлээд чанаснаар бохирдлыг арилгаж, илүүдэл цуснаас алгаж, нэг ёсондоо сайтар цэвэрлэж байгаа нэгээхэн хэлбэр. Мөн ингэснээр махыг илүү зөөлөн болгоход тусалдаг. Өөр нэг шалтгаан гэвэл махыг усанд чанаж, амтыг нь сулруулдаг ба дараа нь чанасан махыг амтлахад илүү сайн амт ордог аж.

Эрүүл банш хийх

Хятадууд банш хийхдээ 50% мах, 50% ногоо ашигладаг байна. Мөн үүнийгээ эрүүл банш гэж нэрлэдэг. Дан махаар хийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг.

Ногоо жигнэх

Тэд хоолондоо аль болох уураг, шим тэжээлтэй, витаминаар баялаг хүнс ашиглахыг зорьдог. Харин тэдгээр бүтээгдэхүүн, хүнсний ногоогоо уураг, тэжээлийг нь алдагдуулалгүйгээр бэлтгэхийн тулд жигнэх аргыг сонгодог байна. Ингэж ногоог жигнэснээр бүхий л амин дэмийг нь хадгалж, шууд идэхэд бэлэн болгодог.

Эрүүл мэнд, мөнхийн залуу насыг өгдөг хоолны орц

Олон зуун жилийн туршид Хятадууд гүнжидийн үр болон тосыг өдөр тутмын хоолондоо идэж хэрэглэж байна. Гүнжид нь их хэмжээний кальци, зэс, төмөр, манган агуулдаг. Эрүүл мэнд төдийгүй арьс гоо сайханд ч ач тустай гэдгээрээ алдартай билээ. Энэ мэтчилэн Хятадууд хамгийн эрүүл, хамгийн хэрэгтэй гэсэн зүйлсийг сонгож иддэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!