40 нас хүрэхээсээ өмнө эдгээрийг сураад авчихвал үлдсэн амьдралаа аз жаргалтай, амар тайван өнгөрүүлж чадна

Нэг л мэдэхэд 30 гарчихсан, 40 нас дөхөж явна. Амьдрах гээд завгүй, үр хүүхдээ өсгөх гээд сөхөөгүй явсаар залуу нас, эрч хүчээ дуусгаж орхисон байх нь бий. Тэгвэл одоо нэг зогсоод эргэн тойрноо ажиглаад, эргэж нэг хараад үзвэл ямар вэ? Энэ хүртэл яаж амьдарч ирсэн, өөртөө анхаарч чадсан болов уу, өөрийгөө хайрлаж амжсан болов уу гэхчлэн дүгнэлт хийх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ 40 нас хүрэхээс өмнө заавал мэдэж авах хэрэгтэй зүйлсийг танилцуулж байна. Эдгээрийг мэдэж аваад, хэрэгжүүлж хэвшчихвэл таны амьдрал амар тайван, цэгцтэй, аз жаргалтай болоод ирнэ.

Бусдын бодол, бусдын үгэнд анхаарал бүү хандуул

Хамгийн аймшигтай шорон бол хүмүүс намайг юу гэх бол хэмээх бодол байдаг. Үүнээс болж хүссэн зүйлээ ч хийж чадахгүй, үргэлж өөрийгөө хянаж, хуурамч дүр эсгэж амьдрах хэрэгтэй болдог. Харин ингэж амьдарсаар дуусна гэхээр хэтэрхий харамсалтай биш гэж үү? Одоо л өөрийгөө илүү чөлөөтэй болгож, бусдын бодол, үгнээс эмээлгүй өөртөө үнэнч байгаарай. Таны шийдвэр буруу байсан ч гэсэн хамаагүй өөрийн замаар явснаар сүүлд харамсахгүй. Харамсахгүйгээр эрх чөлөөтэй амьдрах боломжийг 40 нас хүрэхээс өмнө өөртөө олгоорой.

Найз нөхөддөө цаг гарга

Гэр бүлдээ анхаарна, ажлаа амжуулна, гэрийн ажлаа яах билээ гээд л бид тун ч завгүй амьдардаг. Бүхнийг зохицуулж явсаар нэг л мэдэхэд найз нөхөдгүй болчихсон, хэзээ сүүлд найзуудтайгаа гадуур явснаа ч санахгүй болчихно. Угтаа бол найзуудтайгаа уулзаж сэтгэлээ хуваалцах, сонин сайхныг ярилцах нь нэгэн төрлийн сэтгэл заслын эмчилгээ болдог. Хэчнээн завгүй байсан ч найздаа цаг зав гаргаж, ойрхон уулзаж байгаарай. Та зөвхөн ажиллаж, бүхнийг амжуулах гэж амьдардаггүй шүү дээ. Аз жаргалтай байх гэж, сэтгэл амар тайван байх гэж, сайхан бүхнийг амсах гэж амьдардаг гэдгийг санаарай.

Эрүүл мэндээ нэгдүгээрт тавь

Нас ахих тусам биед төрөл бүрийн асуудал гарч эхэлдэг. Харин та завгүй амьдралаасаа болж өөрийгөө, эрүүл мэндээ гаргуунд гаргасан юм биш биз? Орчин үеийн хүмүүс өөртөө ч бас их анхаардаг болсон тул урт удаан амьдарцгаадаг. Та ч бас илүү удаан, илүү эрүүл, сайхан амьдрах хэрэгтэй биш гэж үү? 40 нас хүрэхээс өмнө ухаан сууж, өөрийгөө илүү ихээр хайрлаарай. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, йогоор хичээллэж, сэтгэлийн амар амгаланг ч бас олох учиртай.

Илүү ихэд шунах нь ихийг төлөхөд хүргэнэ

Шунал ихэдвэл шулам болно гэх үг бий. Хангалттай сайхан амьдарч байгаа ч илүү ихийг хүсч, хэрэглээнээс давсан зүйлсийг авахыг тэгтлээ их хүсч тэмүүлэх нь эцэстээ таныг л зовооно. Цөөхүүлээ амьдардаг атал илүү том байшин авах гэж улайрна. Харин тэр олон өрөөг цэвэрлэх ажил танд нэмэгдэж, илүү их хэрэглээний зардал гарч, улам их бухимдал, стресст оруулна гээч. Зүгээр л хэтэрхий шунахгүй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрах нь аз жаргалын түлхүүр гэдгийг ойлгож аваарай.

Өөрийн үнэ цэнээ мэдрүүл

Залуу байхдаа туршлага багатай учраас хамаг чадлаараа хичээж ажилладаг. Харин одоо бол та хангалттай мэдлэгтэй, туршлагатай болсон тул өөртөө илүү итгэлтэй байж, хурал дээр саналаа хуваалцаж, шинэ санаагаа ч танилцуул. Өмнөх шигээ чимээгүй л суугаад, өөрийгөө дараад байж болохгүй. Мөн даргаасаа цалингаа нэмэгдүүлэхийг хүсч ч болно. Энэ мэтчилэн өөрийгөө үнэ цэнэтэй хүн гэдгээ бусдад таниулах хэрэгтэй.

Арьсаа илүү арчил

Бидний газрын татах хүчнээс зугтааж чадахгүй тул арьс хөгширч үрчлээс суух нь тодорхой. Гэхдээ үүнийг удаашруулах боломж танд бий. Нас ахих тусам улам илүү ихээр арьсандаа анхаарч, хамгийн сайн гэсэн бүхнийг хэрэглээрэй. Сайн арчилж чадвал та наснаасаа залуухан, жавхаалаг харагдаж чадна.

Өөрийгөө хөгжүүлэхээ бүү зогсоо

20 настнууд л суралцаж хөгждөг гэж үү? Ажилд орсон л бол суралцах хэрэггүй гэж үү? Энэ бүгд худал. Хэдэн настай байсан ч хамаагүй ямагт шинэ зүйлсэд суралцаж, өөрийгөө хөгжүүлж байх нь чухал. Энэ л таны амьдралыг илүү утга учиртай болгож өгнө гэдэгт итгээрэй. Суралц бас дахин суралц.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!