Солонгос бүсгүйчүүд арьсаа эрүүл мэндээсээ илүү хайрлаж хамгаалдаг. Тэдний арьсандаа өгдөг нууц эмчилгээ

Солонгос бүсгүйчүүд ямагт овор багатай царайгаараа гайхагдсаар ирсэн. Тэдний нууцыг цаг агаарын онцлог, идэж буй хоол хүнс зэрэгтэй холбон тайлбарладаг. Гэсэн ч үнэн хэрэгтээ тэд өөрсдийн арьсаа маш сайн арчилдаг. Арьс арчилгаандаа заавал цаг зав гаргаж, арьсаа яг л эрүүл мэнд шигээ хайрлаж хамгаалдаг аж. Үүний үр дүнд тэд наснаасаа залуухан, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг байна. Тэгвэл хамтдаа тэдний сайхан арьсны нууц чухам юу болохыг олж мэдэцгээе.

Будааны шүүс ашигладаг

Цагаан будааны шүүс нь Япон, Солонгосын олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний алдартай орц бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Арьсыг гэрэлтсэн болгох төдийгүй нөсөө толбыг арилгаж, үрчлээсээс сэргийлнэ. Солонгос бүсгүйчүүд цагаан будааны шүүсний орцтой гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна өөрсдөө шүүс бэлтгэж нүүрээ угаадаг байна. Цагаан будааг усанд хийж, хэсэг хугацаанд байлгасны дараа шүүсийг нь авч, үүгээр нүүрээ угаана. Угаасан нүүрээ арчилгүй тэр чигээр нь хатааж, дараа нь ахин нэг удаа усаар угаадаг аж.

Давхар цэвэрлэгээ

Нүүрээ дан ганц хөөсөөр угаадаггүй. Давхар цэвэрлэгээ хийж, арьсан дээр тогтсон бохирдол, нүүрний будаг зэргийг сайтар арилгах хэрэгтэй гэж үздэг. Ингэхдээ эхлээд тосон цэвэрлэгчээр нүүрний будгаа арилгаж, нүх сүвэнд орсон бохирдол будгийг сайтар арилгана. Үүний дараа хөөсөн цэвэрлэгч ашиглаж нүүрээ угаана.

Эмгэн хумсны найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн ашигладаг

Эмгэн хумсны хэрэглээ эртний Грекээс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл ашиглагдсаар байгаа билээ. Эмгэн хумсанд арьсанд сайн гиалурон ба гликолийн хүчлүүд агуулагддаг тул арьсыг гэрэлтсэн толигор болгодог аж. Тийм ч учраас Солонгос бүсгүйчүүд ихээр сонгож хэрэглэдэг байна.

“Lemongrass”-тай цай уудаг

Lemongrass нь Ази, ялангуяа Тайландад өргөн хэрэглэгддэг. Тус ургамал нь биеийг маш сайн хоргүйжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Харин үүний үр дүнд арьс гэрэлтсэн цэвэрхэн болдог байна. Ийм шалтгаанаар Солонгос бүсгүйчүүд lemongrass-тай цай уудаг.

Касторын тосыг үс болон арьсандаа түрхдэг

Цэвэр касторын тос нь хуурай, гэмтсэн үсийг чийгшүүлж, зөөлрүүлж эмчилдэг. Мөн энэ нь хөмсөг, сормуусны ургалтыг ч дэмжинэ. Үүнээс гадна арьсыг чийгшүүлэх онцгой чадвартай тул нимгэн үрчлээсийг арилгахын тулд касторын тосыг түрхэж хэрэглэдэг байна.

Гуаша массаж хийдэг

Гуа ша эсвэл хаш өнхрүүш нь бүсгүйчүүдийн дотны найз болоод байгаа. Үүнийг зөв хэрэглэж сурснаар цусны эргэлтийг сайжруулж, нүүрний булчингуудыг ажиллуулах төдийгүй нүүрний хаванг буулгадаг аж.

Салфеткан маск хэрэглэдэг

Арьс арчилгааны хамгийн сайн аргуудын нэг бол коллагены агууламжтай, хөгшрөлтийн эсрэг орц бүхий салфеткан маск хэрэглэх юм. Өдөр бүр тус төрлийн маск хэрэглэх нь арьсанд сайтар чийгшил өгч, үрчлээсээс сэргийлэхэд тусалдаг аж. Солонгос бүсгүйчүүдийн өдөр тутмын хамгийн сайн найз гэвэл яахын аргагүй салфеткан маск юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!