2021 онд хулгайч нарын хамгийн их хэрэглэж буй заль мэхээс өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалах аргууд

Хамгаалалтын систем сайжрах тусам хулгайч нарын арга нарийссаар байна. Хэний ч санаанд буумгүй аргуудыг ашиглаж, хүмүүсийн үнэ цэнэтэй эд зүйлс, хөрөнгө мөнгийг өөрийн болгож, гэмт хэрэг үйлдэх нь олшроод байгаа юм. Иймд та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс хулгайч нарын сүүлийн үед ихээр ашиглаж байгаа аргуудыг танилцуулж байна.

Эвдэрсэн утасны камер

Их бага гэлтгүй хүмүүсээс мөнгө салгахын тулд хулгайч нар юу ч хийхээс буцахгүй болжээ. Хамгийн наад захын арга гэхэд тэд хажуугаар өнгөрч яваа хүмүүст утсаа өгч, зураг дараад өгөөч гэж гуйна. Харин тухайн хүн утсыг нь авч, камерыг нь асаахад эвдэрхий камер угтах болно. Хэсэг гайхан балмагдаж, утас тань болохгүй байна гэж буцааж өгөхөд өнөөх гэмт этгээд шууд л миний утас зүгээр байсан чи эвдчихлээ хэмээн гүжирдэж, дүр эсгэнэ. Эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан нь эцэстээ гэм зэмгүй нэгнийг бууж өгөхөд хүргэж, камерын засварын мөнгийг өгч байж салдаг аж.

Та ийм гэмт хэргийн золиос болохоос сэргийлэхийн тулд зураг аваад өгөөч гэж гуйсан хүнийг заавал камераа гаргаад өг хэмээн шаардаарай. Камерыг нь зүгээр ажиллаж байгааг харсан бол зургийг нь дараад өгөхөд асуудалгүй.

Бусдын хүүхдийг авч явах

Хулгайч нар өөрийн хүүхдийг эсвэл өрөөлийн хүүхдийг ашиглаж хулгай хийх болжээ. Хүүхдээ танд өгч, түр өргөж байгаач гэж гуйна. Мэдээж ихэнх хүн үүнд татгалзаж чадахгүй. Хүүхдийг нь аваад тэврэх хооронд тухайн хүн таны халаасыг хялбархан ухаж орхино гээч. Эсвэл бүлэглэж явдаг хүмүүс нэг нь хүүхдээ таньд бариулж, нөгөөх нь араас тань цүнх, халаасыг тань ухна. Иймд нөхцөл байдлыг сайтар ажиглах хэрэгтэй төдийгүй ямагт анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хоолны газруудын сурталчилгаа

Хэдийгээр энэ нь энгийн бөгөөд үр дүнгүй мэт санагдаж болох ч хулгайч нар таныг дээрэмдэхийн тулд хоолны цэсийг ашигладаг. Таны гэрийн үүдэнд хоолны зурагт хуудас, сурталчилгаа орхиж ажиглана. Хэдэн өдрийн турш гадаа нь орхисон зурагт хуудсыг авахгүй, тэр хэвээр байсаар байвал тухайн айл хүнгүй байгааг мэдэж авах бөгөөд шууд л төлөвлөгөөгөө боловсруулж, шөнийн цагаар хулгай дээрмийн ажилдаа орно.

Машины салхины шилэн дээр тавьсан хувцас

Сүүлийн үед хүмүүс машин дээрээ төрөл бүрийн хувцас, шил арчигчид орооцолдсон даавуу олох болсон. Энэ нь жолооч нарын анхаарлыг сарниулж, сатааруулах тактик аж. Жолооч шил арчигчид орооцолдсон хувцсыг авах гэж ноцолдох хооронд араас нь аяархан гэтэж үнэтэй зүйлсийг нь хулгайлдаг байна. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн гэрэл муутай зогсоол, гарааш зэрэгт болдог аж. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол болгоомжтой байхыг анхааруулж байна.

Машин дээрх сонин төхөөрөмж

Хулгайч нар машинд холбодог шинэ үеийн GPS трекерүүд ашиглах болсон байна. Үнэндээ өмнө нь ийм төрлийн трекерүүдийг гэмт хэрэгтнүүдийг дагаж мөрдөхөд цагдаа нар ашигладаг байсан бол одоо онлайнаар хялбархан худалдаж авах боломжтой болжээ. Тэднийг таны машинд соронзон байдлаар байрлуулах боломжтой тул тэднийг магно трекер гэж нэрлэдэг.

Гэмт хэрэгтнүүд эдгээр төхөөрөмжийг ашиглан таны байршлыг хянаж, хаана байгааг тань шалгаж, гэмт хэргээ төлөвлөх боломжтой. Хэрэв та ийм зүйлс олсон бол цагдаад мэдэгдээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!