Дундад зууны амьдралаар 1 өдөр амьдарч үзсэн бүсгүй тэд яагаад долоо хоногт нэг удаа үсээ угаадаг байсныг сайн ойлгожээ

Багадаа рыцарийн роман уншиж байхдаа тэр үед очиж үзэхийг хүсдэг байсан. Гоёмсог сүрлэг даашинз өмсөж, морь унаж давхиад л, хамгийн гол нь тухайн үеийн хүмүүс маш романтик байсан мэт санагддаг. Том болсон ч энэ бодлууд маань өөрчлөгдөөгүй. Дундад зууны үеийн амьдрал өвөрмөц, сонирхолтой хамгийн гол нь намайг элегант нэгэн мэт мэдрүүлэх юм шиг санагддаг.

Тиймээс амьдралынхаа турш мөрөөдөж байгаа энэ хүслээ бодит болгож үзэхийг хүссэн юм. Ингэхдээ яг л дундад зуунд амьдарч буй мэтээр нэг өдрийг өнгөрүүлнэ. Би маш их судалгаа хийсэн. Судлах явцад тэр үеийн амьдрал кино, зохиол дээр харагдаж байснаас өөр байсан шүү. Гэсэн ч хожим харамсахгүйн тулд туршилтаа эхлүүлсэн юм.

Өглөө босоод би тухайн үед хүмүүсийн өмсдөг байсан хувцсыг олж өмссөн. Тэр үед хүмүүс гэрээсээ гарч 5 километр замыг туулж, гол дээр очиж угаал үйлддэг байсан. Гэсэн ч надад үүнийг хийх боломж олдоогүй тул ядаж л шүршүүрт орохгүй байхаар шийдсэн юм. Хүйтэн усыг саванд хийгээд нүүр гараа угаасан.

Харамсалтай нь тэр үед шүдний оо гэж байгаагүй тул хүмүүс давс, нунтаг нүүрс, чинжүү зэргийг хольж бэлтгээд шүдээ үрдэг байсан. Мэдээж би бас туршиж үзсэн. Миний царайнаас л энэ бүхэн таалагдаагүй гэдгийг харж болно.

Гаанаас болж нүднээс нулимс асгараад ам сэнгэнээд байсан. Гэсэн ч нунтаг нүүрсийг шүднээсээ гүйцэт арилгаж чадаагүй болохоор өдөржин л иймэрхүү хар шүдтэй явсан даа.

Одоо харин биеэ угаах цаг. Дундад зууны үед бүсгүйчүүд ус халааж том ваннд хийгээд үүндээ биеэ угааж мөн ууранд нь суудаг байсан. Иймд их хэмжээний ус халааж ваннд хийгээд, дээр нь суучихсан. Ингэхдээ гадуураа зузаан хөнжил нөмөрч, нэг төрлийн сауны үйлчилгээг авсан даа. Мөн халуун усаа алчуурандаа шингээж аваад биеэ ч үрсэн. Бие маань хэр цэвэрхэн болсныг бол хэлж мэдэхгүй.

Мэдээж өнгөрсөн зуунд хөлс дарагч байгаагүй. Тиймээс өөрийн жинхэнэ үнэрээ мэдэрч өдрийг өнгөрүүлэх шаардлагатай болсон юм. Хөлсний эхүүн үнэр ханхалж, үнэхээр таагүй байсан шүү.

Хуучны цагт бүсгүйчүүд долоо хоногт нэг удаа л үсээ угаадаг байжээ. Саван шампуний оронд үнс хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь бохирдлыг сайн арилгадаг хэмээсэн байв.

Ингээд миний туршилтын цаг. Үсээ норгосны дараа үнсээ цацаж эхлэв. Үс зууралдаж, яаж ч их ус хийж зайлсан олигтой арилж өгөөгүй. Үнэхээр бууж өгмөөр санагдаж, зүгээр л үсээ алчуураар боогоод орчихсон юм. Туршилтаа дуусгаад үсээ 3 удаа шампуньдаж, 5 удаа усаар зайлах болно.

Угаалга хийх цаг ирлээ. Хувцас угаахдаа угаалгын нунтаг бус савангийн үндэс ашигладаг байсан гэх мэдээллийг олж авсан тул хайж явсаар эмчилгээний саван олж авсан. Угаахын хувьд гараараа үрж нухчиж угаана. Энэ тийм ч хэцүү байгаагүй. Угаасан хувцсаа сайтар мушгиад хашааны хойд талын зүлгэн дээр дэлгэж тавьсан. Одоо хамгийн сонин бас хэцүү хэсэг. Хатсан хувцсаа халаасан чулуугаар индүүднэ. Гэхдээ яаж ч хичээж оролдсон чадаагүй болохоор хувцсаа чадах хэрээрээ тэнийлгээд эвхсэн.

Дундад зууны үеийн тариачны амьдралд мах бараг байгаагүй. Харин тэдний өдөр тутмын хоол нь ногоо, шош. Иймд би шош чанаж, үүнийгээ талхан дээр тавьж идэв. Ганц өдөртөө бол идэж болох ч өдөр бүр ингэж хооллож чадахгүй гэдгээ ойлгосон.

Одоо харин миний унтлагын цаг ирлээ. Өдөржин олигтой хийж бүтээсэн зүйл байсангүй. Мэдээж тухайн үеийн хүмүүс шиг ажил хөдөлмөр эрхэлсэнгүй, хамгийн энгийнээр л өнгөрүүлсэн төдий ч их ядарчээ. Гэрэл цахилгаан байхгүй тул нар шингэх төдийд орондоо орж хэвтлээ. Тухайн үед хүмүүс 7-8 цаг гэхэд л унтчихсан байдаг байсан. Тиймээс би хол зөрөөгүй байх. Ор байхгүй, шалан дээр хэвтээд унтах хэцүү байсан. Би шөнө 2 гээд л сэрчихсэн. Өнөөдөр тэр чигтээ сонирхолтой өдөр болж өнгөрчээ. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгосон. Бид дэндүү азтай юм. Дундад зуунд төрсөн бол би нэг өдөр ч амьдарч чадахгүй байсан бололтой. Одоо өөртөө байгаа бүхэндээ талархах хэрэгтэй шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!