Солонгосын гоо сайхны стандартыг эвдэж, өөрийн стандартыг тогтоосон хүчирхэг дуучин Хваса

Солонгосын алдарт “Mamamoo” хамтлагийн дуучин Хваса нь сүүлийн үед дэлхий нийтээр алдаршаад буй нэгэн. Түүний нэр алдарт гарах болсон шалтгаан нь авьяас чадвар төдийгүй өөртөө итгэлтэй байдалтай нь холбоотой. Өнөөдөр та бүхэндээ Солонгосын гоо сайхны стандартанд нийцэх гэж хичээдэг бус, өөрийн стандартыг бүтээж яваа дуучин бүсгүйн талаар сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Түүний бор арьс

Солонгосын урлагийн салбарт цайвар, цагаан арьстай бүсгүйчүүдийг хамгийн хөөрхөнд тооцдог төдийгүй тийм байхыг ч шаарддаг. Харин Хвасагийн тухайд төрөлхийн бор арьстай бөгөөд үүнээсээ болж багагүй шүүмжлэлд өртөж, үргэлж л царай муутай хэмээгддэг байсан. Гэсэн ч Хваса энэ бүгдийг үл тоож, өөрийнхөөрөө явсаар өнөөг хүртсэн. Түүнд тариа хийлгэж, арьсаа цайруулах, өхөөрдөм царайлах гэхчлэн боломжууд байсан ч, өөрийн өнгө төрхөө нуух биш, харин ч ил гаргаж, давуу талаа болгож чадсан юм. Одоо бол түүний бор арьс Хвасагийн нэрийн хуудас, бусдаас ялгарах онцлог болж хувирсан билээ.

Өөрийн стандартыг тогтоосон

Түүнийг анх дуучин болохоор шалгаруулалтанд орж байхад бүгд л бүдүүн, царай муутай байна гэхчлэн гадаад төрх байдлаас нь болж голж байв. Гэсэн ч түүнд хүчтэй хоолой, ур чадвар нь байсан учраас эцэст нь дебут хийж чадсан. Тэр хөөрхөн охидоос хэд дахин илүү их хичээх хэрэгтэй болсон төдийгүй тэгж байж л амжилтанд хүрч чадахаар байв. Хваса бол Солонгосын гоо сайхны стандартад үл нийцэх төрхтэй нэгэн. Цайвар арьстай, цагаан царайтай, туранхай биетэй, том нүдтэй охид бол Солонгосын idol-уудад тавьдаг стандарт. Харин нэгэнт л үүнд багтаж чадахгүй учир Хваса өөрийн стандартаа бүтээсэн юм. Бор арьс, туранхай биш бие, өргөн ташаа, өтгөн урт үс: тэр хөөрхөн биш, гэхдээ тэр өөртөө итгэлтэй байдлаараа бусдыг өөртөө татаж, дурлуулж чаддаг нэгэн.

Хатуу чанга хоолны дэглэмээс татгалздаг

Кпоп алдартнууд туранхай, төгс бие галбиртай байх ёстой. Махлаг нэгнийг бүгд шүүмжилсээр урлагийн тайзнаас ч буулгаж чаддаг. Тийм ч учраас дуучин охид гэлтгүй эрчүүд ч хатуу хоолны дэглэм барих шаардлагатай болдог байна. Харин Хвасагийн тухайд хэтэрхий хоолоо хорих, дэглэм барихаас эсрэг байр суурьтай байдаг бөгөөд дасгал хийж, эрүүл хооллохыг сонгодог. Мөн хоолоо хэт хорих нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг байнга сануулдаг билээ. Түүнийг хоолонд хэчнээн хайртай болохыг түүний оролцсон “I Live Alone” нэвтрүүлгээс харж болно. Тийм ч учраас Хваса бусад охид шиг туранхай биш.

Түүний өөртөө итгэлтэй байдал

Дебут хийх нь idol бүрийн хувьд хамгийн жаргалтай үе нь байдаг. Харин Хвасагийн хувьд хүнд хэцүү цаг үе байсан. Түүнийг хүмүүс хамтлагаас гар, хэтэрхий царай муутай байна, хөгшин царайтай гэхчлэн үзэн ядсан сэтгэгдлүүд хэдэн мянгаар бичиж байв. Хваса бууж өгөхийг хүсээгүй тул, хүмүүсийг сөрөг сэтгэгдэл бичих тусам илүү их хичээж, өөрийгөө хэн болохыг харуулна хэмээн шүдээ зуусаар зүтгэсэн нь талаар болоогүй юм. Одоо хүн бүр түүний өвөрмөц байдал, күүл төрхийг хайрладаг болсон. Мөн тэр хуурамч дүр эсгэдэггүй, бусдад таалагдах гэж хичээдэггүй, үнэн байж чаддаг нь түүнийг илүүтэй үнэ цэнэтэй нэгэн болгосон билээ.

Бусад хүмүүсийн бодол, хэлэх үгсээс Хваса айдаггүй. Нэгэнт л хараалгуулж, доромжлуулсаар энэ хүрсэн болохоор түүнд одоо айдас үгүй болсон. Тийм ч учраас Кпоп ертөнцөд өөр хэн ч хийж зүрхлээгүй зүйлсийг хийж, өөрийн нэрээ тодоор тамгалж үлдээсэн билээ. 2019 онд тэрээр анх өөрийн соло дуугаа гаргаж, өөрийн өнгө төрхөө илүү тодоор хүмүүст үзүүлж чадсан билээ. 2020 онд гаргасан “Maria” дуу нь түүнд асар их нэр хүндийг авчирч, дэлхий нийтийн анхаарлыг татсан. Харин сүүлд “I am a B” хэмээн гол дуутай “Guilty Pleasure” цомгоо гаргаж, өөрийн ертөнцөө хүмүүст хуваалцаад байгаа юм.

Түүний өөртөө итгэлтэй байдал, өөртөө үнэнч зан чанар, хичээнгүй хөдөлмөрч хандлага зэрэг нь олон хүмүүст урам зориг өгч, нүүрэндээ худлаа инээмсэглэл тодруулж, өхөөрдөм харагдах гэж хичээх нэгэн хэвийн кпоп охид шиг байх хэрэггүй гэдгийг ойлгуулсан. Чи бусадтай ижилхэн байх албагүй. Харин өөр байж чадаж байгаа бол маш том аз гэдгийг Хвасагийн түүхээс харж болно. Мөн түүний гайхалтай хүчирхэг хоолойг онцгойлон дурдах хэрэгтэй болов уу. Та бүхэн түүний дуунуудыг сонирхон сонсоод үзээрэй. Танд тэс өөр мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!