Египетийн фараон Тутанхамуны хамгийн ихээр хайрладаг байсан үзэсгэлэнт эхнэрийн нууцлаг түүх

Египетийн фараон Тутанхамуны тухай сонсож байгаагүй хүн гэж цөөхөн болов уу. Түүний бунхан олдсоноос хойш фараоны амьдралын талаар төрөл бүрийн цуурхал гарч ирсэн. Ялангуяа түүний эхнэр Анхесенамуны талаар хүмүүс сонирхох болсон юм. Түүний талаар “The Mummy” кинон дээр гаргаж өгснөөр, хүмүүс илүүтэй анхаарлаа хандуулж, Анхесенамуны түүхийг судалж эхэлсэн байдаг. Тэгвэл хамтдаа үзэсгэлэнт хатны талаар илүүтэй мэдэж авцгаая.

  • 1922 онд Тутанхамуны огт хөндөгдөж байгаагүй булш олдсон тухай мэдээ дэлхий нийтийг донсолгосон. Эдгээр өвөрмөц олдворуудыг олсон азтай хүн бол археологич Ховард Картер юм.
  • Картер булшны агуулгыг нарийвчлан судлах явцдаа Тутанхамуны залуу эхнэр Анхесенамун хатан хааны нэрийг олжээ. Тухайн үед хатны талаар хэн ч мэддэггүй байсан төдийгүй нэрийг нь ч дуулаагүй. Гэнэт үл мэдэх нэр гарч ирсэн тул Картер илүү нарийвчлан судалж, Анхесенамуныг хэн байсныг, түүнд юу тохиолдсон болохыг ил болгожээ.

  • Анхесенамун нь Нефертити, Эхнатон нарын 3 дахь охин байсан бөгөөд анх Анхесенпаатен гэх нэртэй байжээ. Тэрээр бага насаа эцгийнхээ барьсан Ахетатен хотод өнгөрөөсөн.
  • Эхнатон нас барсны дараа залуу Тутанхамон хаан болж, Анхесенпаатентай гэрлэсэн байна. Ойролцоогоор 3 жилийн дараа залуу фараон Амун шүтлэгийг дахин сэргээж, шашны шинэчлэл хийсэн тул хатны нэрийг Анхесенамун болгон өөрчилжээ. Залуу хосууд Египетийг 10 орчим жил захирсан.
  • Тэдний хамтын амьдрал зөвхөн улс төрийн холбоотой байгаагүй. Тутанхамон болон түүний эхнэр бие биедээ хайртай байсан бөгөөд булшнаас олдсон олон олдворууд нь хосууд маш халуун дулаан харилцаатай байсныг нотолдог.

  • Хосууд хүүхэдтэй болж чадаагүй бөгөөд Анхесенамун 2 удаа жирэмсэн болсон ч, хүүхдүүд нь дутуу төрсөн. Хүүхдүүдийн шарилыг саркофагын ёроолын ойролцоох Тутанхамуны булшнаас олжээ.
  • Залуу фараон сколиозоор өвчилсөн бөгөөд түүнийг ханын зургууд дээр таягтай байгаагаар дүрсэлсэн байдаг. Чухам юу хааныг үхэл рүү түлхсэн болохыг тодорхой болгож чадаагүй. Эрдэмтэд хумхаа өвчин эсвэл гэмтэл бэртэл хааныг нас барахад хүргэсэн хэмээн үздэг. Тутанхамон нас барж, Анхесенамун хатан хааны удмын цор ганц гишүүн болж үлдсэн юм.

  • Тутанхамон 19 настайдаа нас барсан бөгөөд түүний залуу эхнэр бэлэвсэн үлдэв. Анхесенамун угсаа залгамжлах хүүхэд төрүүлээгүй учир эрх мэдэлд шунахайрсан хүмүүсээс суудлаа хамгаалахын тулд ахин гэрлэхээр шийджээ.
  • Түүнд гэрлэж болох эрчүүдийн сонголт их байсан. Хамгийн түрүүнд өөрийн албатуудтай гэрлэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд хүнд сурталтай, хөгшин эрийн эхнэр болж чадахгүйгээ ч хэлсэн. Тэрээр Хитийн хаанд захидал бичиж, нэг хүүгээ нөхөр болгож өгөхийг гуйсан байдаг.
  • Хитийн хаан захиаг талархан хүлээн авч, хүүгээ хатан хааны нөхөр болгохоор илгээжээ. Гэсэн ч хүү Египет рүү очих замдаа бусдад хорлуулж нас барсан. Энэ нь хатан хааны эсрэг байр суурьтай, түүний суудлыг булаахыг хүсэгч бүлгийн хийсэн хэрэг гэж үздэг.

  • Эцэст нь хатан Тутанхамоны зөвлөх байсан Ай гэгчтэй гэрлэхээс өөр аргагүйд хүрэв. Хааны зөвлөх байсан Ай нь шуналтай, эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй нэгэн байсан. Анхесенамун үүнийг сайн мэдэж байсан ч, бусад албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн шахалтаар гэрлэхэд хүрчээ. Ингээд Ай олон жил мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж, фараон болсон юм. Энэ цагаас Анхесенамуны үүх түүх учир битүүлгээр алга болжээ.
  • Тутанхамуны булшнаас холгүй өөр булш байсныг олсон. Эмэгтэй хүний эд зүйлс, үнэт эдлэл болон бусад олдворууд нь булшийг Анхесенамунд зориулж бэлдсэн болохыг харуулсан боловч хатны шарил тэнд байгаагүй.

  • 19-р зууны эхээр археологичид 2 эмэгтэй мумми бүхий булш олжээ. 2010 онд ДНХ-ийн шинжилгээ хийж, мумигийн нэг нь Тутанхамоны булшнаас олдсон дутуу төрсөн хүүхдүүдийн биологийн эх байж магадгүй гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ бүхнээс үндэслэж, тус булш нь Анхесенамуных гэж үздэг байна.
  • Хатан хааныг хэд хэдэн кинонд дүрслэн гаргасан байдаг. Ялангуяа The Mummy” (1999) кинонд хатныг гаргасан нь маш олон хүнд хүрсэн билээ. Гэсэн ч түүхийг өөрчилж, хатныг сөрөг дүр болгосон байдаг.
  • Анхесенамун эмгэнэлт үйл явдлаар дүүрэн богинохон амьдралыг туулсан. Гэвч тэрээр бүх зовлон зүдгүүрийг үл харгалзан амьдралынхаа эцэс хүртэл агуу эцэг эхээсээ өвлөн авсан нэр төр, бардам зангаа хадгалсан гэдэг.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!