Бусдаас өөр гэдгээсээ болж шүүмжлүүлж, гологдож явсан охин бууж өгөлгүй тэмцсээр загвар өмсөгч, олон брэндийн нүүр царай болж чадсан гайхалтай түүх

Хүн бүрт мөрөөдөл байх ч үүнийгээ бодит болгож чадсан хүмүүс тийм ч олон биш. Учир нь бид тууштай, тэвчээртэй байж чаддаггүйн улмаас мөрөөдөлдөө бууж өгч, нэгэн хэвийн амьдрах замыг сонгодог билээ. Тэгвэл энэ бүсгүйн түүх та бүхэнд мөрөөдлийнхөө араас ахин нэг удаа яваад үзээч гэх урам зоригийг өгч чадна гэдэгт итгэлтэй байна.

Жессика Жакинто 22 настай, Венесуэлийн Валенси хотод амьдардаг. Тэрээр Дауны синдромтой төрсөн ч энэ нөхцөл байдал нь түүнийг мөрөөдлийнхөө төлөө тэмцэх боломжийг хязгаарласангүй. Бүсгүй бага байхаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд олон жилийн бэлтгэл, хичээл зүтгэл, өөртөө итгэх итгэл, тууштай зан чанарын ачаар мөрөөдлөө бодит болгож чадсан юм.

Түүнийг энэ амжилтанд хүрэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол түүний ээж. Охиноо ямар байхаас үл хамаарч, хөлөө хүрэх газар хүртэл явж, охиноо ихээр дэмжиж, үргэлж урам хүч хайрладаг байжээ. Хажуунаас нь ингэж дэмжих нэгэн байхад хэн гудайж унахыг хүсэх билээ.

Жессика 14 настайдаа ахлах сургуульд байхдаа гимнастик, усан сэлэлт, хөнгөн атлетик зэрэг спортоор хичээллэж байсан. Дараа нь түүний ээж Янира болон Жессика нар дауны синдромтой охидын гоо сайхны тэмцээнд оролцох урилга хүлээн авсан бөгөөд тэд шинэ зүйл туршиж үзэхээр шийджээ. Янира “Би охиноо төрөл бүрийн спортоор хичээллэж байхдаа жаргалтай байхыг огт харж байгаагүй. Тэр зүгээр л өөрийнхөө бас миний цагийг дэмий үрж байсан юм байна лээ. Харин тайзан дээр алхах үед тэр хамгаас жаргалтай харагдсан.” хэмээжээ.

“Миний хувьд тайзан дээр алхана гэдэг яг л мөрөөдлийн ертөнцдөө амьдарч буй мэт мэдрэмж төрүүлдэг. Үүнийг үргэлжлүүлэн хийсээр байхын тулд өөрийгөө илүү сайжруулж, чадваржуулах хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн дуртай зүйлээ хийх шиг сайхан зүйл байдаггүй. Загварын тайзнаа гарах мөчид би өөр хүн болж хувирдаг. Бараг л миний дотор өөр хэн нэгэн гэнэт гарч ирэх шиг болдог шүү” хэмээн Жессика ярьсан байна.

Өнөөдрийг хүртэл тэрээр олон кастинг, загвар өмсөгчдийн тэмцээнд оролцсон бөгөөд охины ээж түүнд зориулан инстаграм хуудас хөгжүүлж, охиноо сурталчилж, олны анхааралд аваачиж чадсан байна. Түүн рүү загварын агентлагууд холбогдож, охиныг дүр төрхөө болгохыг хүсч байгаагаа илэрхийлж эхэлжээ.

Жессика бол мэргэжлийн загвар өмсөгч төдийгүй тэрээр Карабобо-Валенсиа дахь салбарын “We are different, but not inferior” төсөлд оролцож, Венесуэлийн Улаан загалмайн гишүүн болсон нэгэн билээ.

Охины ээж “Ээж хүний хувьд охиноо зорилгодоо хүрч байгааг харах үнэхээр сайхан бас бахархал төрөм. Түүний өдөр тутмын амьдрал бусад хүмүүсийнхтэй л адил: тэр сургуульд явдаг, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд явдаг, бас загвар өмсөгчөөр ажилладаг. Охин минь л жаргалтай байх надад юу юунаас илүү чухал” хэмээн сүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бусдаас өөр байлаа гээд гэртээ суугаад аав ээжээрээ асруулсаар амьдралаа дуусгах хэрэгтэй гэж үү? Нэг л олдсон амьдрал байхад өөрийн дуртай зүйлээ хийж, мөрөөдлөө биелүүлж, тултал нь амьдрах хэрэгтэй гэх мессежийг Жессика өгч байна. Танд бусдаас дутуу зүйл байхгүй, тиймээс яг одооноос хичээж мөрөөдлийн амьдралаараа амьдраарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!