Эмэгтэй хүний “төгс” гэж тооцогдох биеийн галбир сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Соёлын хувьсгалыг даган эмэгтэйчүүдийн “Төгс” гэх тодотгол байнга хувьссаар ирсэн ба ихэвчлэн олны танил хүмүүс, загвар өмсөгчид уг чиг хандлагыг өөрчилдөг байна. Ингээд тухайн цаг үедээ төгс төгөлдөрт тооцогдох эмэгтэй ямар бие галбиртай байсныг сонирхуулах гэж байна.

1910- Гибсон охин

Энэхүү дүр төрхийг зураач Чарльз Гибсон бүтээсэн бөгөөд урт хүзүү, налуу мөр, том буржгар үс болон нэлээд өндөр бие зэргээрээ онцлог байв. Мөн корсетыг их зүүдэг байсан ба үүний ачаар эмэгтэй хүний бие  наймын тоо шиг төгс харагдана гэж үзжээ. Линда.М.Скотт “Гибсоны бүтээсэн охин хөөрхөн гэхээсээ илүү чанга хатуу, ихэмсэг дүрийг бий болгож байсан” хэмээн дурдсан байна.

1920 – Хавтгай бие

1920-иод онд эмэгтэйчүүд жижиг хөх өгзөгтэй байхыг илүүд үзэж байв. Өөрөөр хэлбэл, дэгжин жижигхэн охид бүсгүйчүүд ид моодонд орж байжээ. Мөн богино захтай хээтэй даашинз өмсөн,  үсээ мөр хүртлээ тайрдаг байсан гэнэ.

1930 – Эмэгтэйлэг төрх

Энэ үед өмнөх арван жилийг бодвол илүү загварлаг, том захтай хувцас чиг хандлагыг тодорхойлж байлаа. Харин биеийн галбирын хувьд нарийн бэлхүүс тэгшхэн мөр, товгор хөх өгзөг зэрэг нь хамгийн сайханд тооцогдож, илүү эмэгтэйлэг романтик зөөлөн дүр төрх бий болгохыг хүсдэг байжээ.

1940 – Од хэлбэрийн бие

1940-өөд оныг өргөн мөрний эрин үе гэхэд хилсдэхгүй. Эмэгтэйчүүд өмнөх үеийн дур булаам байдалд төдийлөн анхаарахаа больсон бөгөөд урт мөч,  хайрцаг мэт өргөн тэгш мөр, дөрвөлжин бэлхүүс бүхий биеийн бүтцийг онцгойлон үздэг байжээ. Мөн уг байдал нь цэгцтэй, захирангуй төрхийг бий болгодог байв.

1950 – Элсэн цаг

Охид, бүсгүйчүүдийн хүсдэг төгс бие нь яг л элсэн цаг шиг хэлбэртэй байсан аж. Маш нарийн бэлхүүс, том цээж болон өргөн ташаа нь юу юунаас илүү тансагт тооцогдох ба гуя хэсгээ томруулахын тулд нэмэлт жин нэмэгч хүртэл хэрэглэдэг байлаа.

1960 – Нарийн мөчир

Энэ үед гэнэт л өнөөх элсэн цагны галбир халагдаж, эргээд илүү жижиг цээж нарийхан бие тухайн цаг үеийг донсолгож байсан аж. Дээрээс нь шингэн царайтай залуу охидын төрх хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байв.

1970 – Диско дуучин

1970-аад онд жижиг өгзөг, бага зэрэг том хөх, засаж янзлаагүй мэт урт арзгар үс моодонд орсон бөгөөд хувцаслалтын хувьд ялимгүй тод, яг л диско дуучин шиг байхыг зорьдог байсан гэнэ.

1980 – Супермодел

Уг чиг хандлага нь тухайн үеийн шилдэг загвар өмсөгчдөөс үүсэн гарч иржээ. Өндөр бие, нарийн урт хөл, чанга булчин зэрэг нь эмэгтэйчүүдийг эрч хүчтэй сэргэг харагдахад тусалдаг байв.

1990 – Орон гэргүй хүн

Энэ эрин бол 1980-аад оны яг эсрэг үе гэхэд болно. Охид олны танил жүжигчдээс санаа авч туранхай цайвар царайтай байхыг хүсэж, яг л тэнэмэл хүн шиг ядруу сулбагар дүр төрхийг бий болгохыг хичээжээ.

2000 – Шаргал арьстнууд

Эмэгтэй хүний “Төгс” биед дахин өөрчлөлт орж цодгор гэдэсгүй, гуяны хооронд завсартай, туранхай байдлийг  бүрдүүлж бага зэрэг булчинлаг, шаргал арьстай байхыг илүүд үзэх болов.

2010 – Том өгзөг

1950-иад оныхтой тун төстэй галбир дахин тренд боллоо. Туранхай гэхээс илүү махлаг гоолиг, ялангуяа том өгзөгтэй байхад анхаарлаа хандуулж байжээ.

2020 – Олон нийтийн сүлжээний эрин үе

Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүс туранхай, гоолиг биеийг төгс-д  тооцдог аж. Гэвч өнөө үед биеийн галбирын олон хэв шинжээс хамааран энэ тодорхойлолтод зөвхөн нэг бие хангалтгүй хэмээн харж, тогтсон үзэл бодлоос салах хандлагатай байна.

Эцэст нь орчин үед хүмүүс хэн нэгэнтэй адилхан харагдах гэж хичээхээ больж, өөрийн биедээ сэтгэл хангалуун болсон учраас ирээдүйд төгс гэх ухагдахууныг маш өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!