Байгалийн аргаар үсээ өтгөн болгох 6 зөвлөгөө

Зарим хүмүүс төрөлхийн өтгөн гялалзсан үстэй байдаг нь үнэхээр азтай тохиол. Харин шингэн үстэй хүмүүсийн хувьд хөвсийлгөх шампунь хэрэглэдэг ч энэ нь түр зуурын л асуудал болдог. Тиймээс таны үсийг байнга өтгөн, эрүүл байлгах энгийн бөгөөд боломжийн үнэтэй хурдан үр дүнгээ үзүүлэх аргуудыг хүргэж байна.

Хоол хүнсэндээ илүү их уураг нэмэх

Судалгаанаас харахад мах иддэггүй буюу цагаан хоолтой хүмүүс уураг болон цайрын дутагдалд өртөх эрсдэл өндөр байдаг бөгөөд энэ нь эргээд үс унахад хүргэдэг. Тиймээс аль болох шим тэжээлтэй хоол идэж, хэрэв цагаан хоолтон бол цайрын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

Зөөлөн бүтэцтэй шампунь сонгох

Их хөөсөрдөг шампунь зарим талаараа ашигтай мэт санагдаж болох ч, өтгөн эрүүл үстэй болохыг хүсч буй хүнд тийм ч таарсан сонголт биш. Учир нь ийм төрлийн шампуньд их хэмжээний сульфат агуулагддаг ба энэ нь бохирдлыг сайн авдаг хэдий ч байгалиас ялгардаг тосыг хэт их арилгадаг нь үсийг эмзэгшүүлэх шалтгаан болдог. Тиймээс шампунь авахдаа бүтэц найрлагыг сайтар ажиглаарай.

Үсний индүү сэнс зэргээс татгалзах

Өглөө яарсан үед үсээ угаасны дараа аль болох хурдан хатаахын тулд үсний сэнс ашиглах тохиолдол цөөнгүй бий. Энэ нь өндөр температуртай халуун агаараар үлээж байгаа учраас үсний өнгөн давхаргыг гэмтээж хугарч унахад хүргэдэг тул хэдий яарч байсан ч энэ төрлийн зүйлсээс татгалзах нь чухал.

Хуйхандаа анхаарал хандуулах

Бид нүүр болон биеийнхээ арьсанд анхаарч скраб, гуужуулагч хэрэглэдэгтэй адил хуйханд ч бас арчилгаа шаардагдана. Хуйхан дээрх булчирхайнууд тослог ялгаруулах үүрэгтэй байдаг. Зарим талаараа тослог нь хэрэгтэй боловч ихээр ялгарахад үс бохирддог учраас дан ганц шампуньд найдах бус хуйхандаа гуужуулагч хэрэглэснээр үсийг эрүүл байлгаж, хурдан ургуулдаг.

Хуурай шампуныг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Үсээ угаах цаг зав хомс үед үсэндээ  хуурай шампунь шүрших нь хугацаа хэмнэсэн боломжийн арга юм. Гэхдээ хэт ойр ойрхон хэрэглэх нь үсний уутанцар бөглөрөх, гэмтэх, хугарах цаашлаад үс унахад ч хүргэдэг тул хааяадаа хэрэглэхийг санал болгож байна.

Витамин С-г бүү мартаарай

Витамин С нь эрүүл мэндийн олон талын ашигтайгаас гадна үсийг бэхжүүлж өтгөн ургахад тустай. Мөн коллагены нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэж, үс бууралтах, гэмтэх зэргээс сэргийлдэг. Цаашлаад цитрусын төрлийн жимсэнд витамин С их хэмжээгээр агуулагддагийг ихэнх хүмүүс мэддэг ч цэцэгт байцаа, энгийн байцаа, гүзээлзгэнэд ч бас агуулагддаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!