Өвөрмөц утга учир, өөрийн түүхийг агуулдаг гоёл чимэглэлүүд: Энэ бүгд зөвхөн гоёл төдий биш

Бид түүхэн эсвэл баримтат кино үзэхдээ зохиолын баатруудын зүүсэн гоёл чимэглэлийг зүгээр л хараад өнгөрдөг. Гэвч тэдний ээмэг, зүүлт, унжлага зэрэг нь цаанаа далд утга санаа, зорилготой байдаг гэнэ. Тэгвэл эдгээр гоёл чимэглэлүүд угтаа ямар түүх өгүүлж буйг хамтдаа сонирхоцгооё.

  1. Толин бөгж-Арси

Энэтхэгт толин тусгал эсвэл өнгөлсөн гадаргуутай бөгжийг Арси гэж нэрлэдэг. Үүний тусламжтайгаар эмэгтэйчүүд үс засалт, нүүр будалтаа сэргээхээс гадна бусдын юу хийж байгааг мэдэгдэлгүй шалгадаг байжээ. Мөн уг бөгжийг зарим талаараа сахиус болгон ашигладаг аж.

  1. Эмэгтэйчүүдийн өвдөлтийг намдаагч – Нат

Нат бол хамрын гоёл бөгөөд жижиг цагираг гинж зэргээс бүрддэг. Хинди соёлд хамрын бөгж нь гэрэлэлтийн бэлгэ тэмдэг болохоос гадна эмэгтэйчүүдийн төрөх эсвэл сарын тэмдэг үзэгдэх үед илэрдэг өвдөлтийг намдаадаг байна. Өөрөөр хэлбэл Энэтхэг шашны гүн ухааны дагуу зүүн хамрын тодорхой цэгт цоолж өгснөөр нөхөн үржихүйн эрхтэнтэй холбогдож, өвдөлт багасна хэмээн үздэг аж.

  1. Язгууртнуудыг илтгэх – Эгрет

Османы эзэнт гүрний үед язгууртнууд Эгретээрээ ялгардаг байсан ба энэ нь үнэт чулуу, шувууны өд бүхий гоёл юм. Үүнийг малгай юм уу үсэндээ зүүх бөгөөд Султан, Гарен эмэгтэйчүүд ихэвчлэн хэрэглэдэг байжээ.

  1. Эмэгтэйлэг байдлын бэлгэ тэмдэг – үсний хавчаар

Үсний хавчаар нь Хятад соёлын чухал бэлгэ тэмдэг бөгөөд хатан хаанаас тариачин хүртэлх бүх эмэгтэйчүүд зүүдэг байв. Гэхдээ хавчаарны материал хийц зэрэг нь тухайн эмэгтэйн нийгмийн байр суурийг илтгэдэг байжээ. Түүнчлэн охидыг 15 нас хүрмэгц уг хавчаарыг өгдөг байсан ба тэр мөчөөс эхлэн насанд хүрсэн гэж үзээд гэрлэх боломжтой болдог байв.

Нэмж дурдахад хосууд салах үед хавчаараа хоёр хуваагаад дахин нийлэх хүртлээ талыг нь хадгалдаг уламжлалтай аж. Мөн 2022 оны “Dream of prosperity” гэх Хятадын олон ангит кинонд уг жишээ гардаг бөгөөд гол дүрд нь Мулан буюу Лю Ифей жүжигчин тогложээ.

  1. Гэр бүлийн байдлыг илтгэх – Метти

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил гэх угсаатны бүлэг нь гэрлэсэн эмэгтэйчүүдийн хөлийн хуруунд бөгж зүүх заншилтай аж. Гэхдээ заавал эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч бас хэд хоногийн турш ийм бөгж зүүдэг байна.

  1. Сэтгэл татам байдлыг илэрхийлэх Бинди

Бинди нь духны гол хэсэгт байх улаан цэг бөгөөд үүнийг будаж эсвэл чимэглэлээр нааж болдог. Ерөнхийдөө “Гурав дахь нүд” хэмээн үзэж, анхаарал төвлөрөлт, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг гэж итгэдэг байна. Гэхдээ энэ нь зөвхөн Энэтхэгт дэлгэрээгүй ба Пакистаны Клаша эмэгтэйчүүд ч бас гоёдог гэнэ.

  1. Эд баялгийн хэмжүүр – Торк

Эртний Кельтүүд хүзүүндээ гархи бүхий зүүлт зүүн, үүнийгээ Торк гэж нэрлэдэг байсан бөгөөд тухайн хүний нийгмийн байдал, хөрөнгө баялгийг тусгадаг байжээ.

Харин орчин үеийн Африкт уг зүүлтийг арай өөрөөр буюу хүзүүгээ сунгах, эсвэл бэлэг болгон бие биедээ өгөх маягаар ашигладаг байна.

  1. Сүйт бүсгүйн гоёл – Жаданагам

Энэтхэгийн өмнөд хэсгээр үзэгдэх энэхүү үнэт эдлэлийг Жаданагам гэж нэрлэдэг ба шууд утгаараа “Үст могой” гэсэн утгатай юм. Ийм гоёлыг өөрсдийгөө бурхны сүйт бүсгүй гэж үздэг эмэгтэйчүүд болон сүм хийдийн бүжигчин охид хэрэглэдэг байна. Үүнийг голчлон алт, бадмаараг, алмазаар хийдэг боловч орчин үед илүү хямд төсөв аргаар бүтээдэг болжээ.

  1. Эзэн хааны эрх мэдлийг илтгэх титэм

“Яньши ордны домог” цуврал кинонд гол дүрийн баатар нь эзэн хаан цол хүртэхэд ер бусын онцгой титэмтэй гарч ирдэг ба энэ нь музейн титмийн хуулбар юм.

Титмийн голд байрлах гурван тэмдэг нь алтан галт шувуудыг илэрхийлдэг бөгөөд Хятадын эзэн хааны гэр бүлийн бэлгэдэл байв. Түүнчлэн энэ улсад лууг эрэгтэй хүний, галт шувууг эмэгтэй хүний илэрхийлэл хэмээн үздэг тул өнөөг хүртэл Хятад хуриманд байсаар байгаа гэнэ.

  1. Сэтгэл санаа ариусгах Жумка

Жумка бол Энэтхэгийн уламжлалт хонх хэлбэртэй ээмэг бөгөөд сүмийн бүжигчид зүүдэг байсан нь хожмоо загварын нэг хэсэг болжээ. Мөн Жумкаг зүүхийн тулд чихээ цоолох хэрэгтэй ба ингэснээр ариун дуу хоолойг хүлээн авч уйтгар гунигийг хөөдөг гэж итгэдэг байна. Тиймдээ ч зарим эрэгтэй хүүхдийнхээ чихийг цоолох тохиолдол гардаг гэнэ.

Нэмж дурдахад уг ээмгийг зүүсэн бүжигчин охид муу ёрын хүчний эсрэг бурхны төлөө тэмцэх зорилгоор бүжгээ хийдэг байсан ба тулаанд ялах үгүй нь түүний ур чадвараас хамаарна хэмээн үздэг байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!