Линзтэйгээ унтаж болох уу?

Контакт линз нь нүдний эвэрлэг бүрхэвчтэй шууд холбогддог. Хүмүүс үүнийг харааны бэрхшээлийг засах, нүдний өнгө, хүүхэн харааны хэлбэрийг өөрчлөх эсвэл эмчилгээний нэг хэсэг болгон зүүдэг. Линзийг ихэвчлэн өглөө зүүж, орой нь авдаг. Гэхдээ ямар нэг шалтгааны улмаас линзээ авахаа мартсан бол, линзтэй хэвээрээ унтвал юу болох бол?

Контакт линз ямар төрлүүдтэй байдаг вэ?

Линзний материал ба диаметр, зүүх горим, солих давтамж гэх мэт зүйлсээс хамаарч өөр өөр ангилалд хуваан авч үздэг.

Зүүх хугацаанаас хамаарч ихэвчлэн ангилдаг бөгөөд бүр авахгүйгээр зүүж болдог линз ч гэж байдаг. Өдрөөр зүүдэг линз, 1 сарын хугацаатай линз, 1-3 сар, 3-6 сар, 1 жил гэхчлэн хугацаагаар ангилдаг байна.

Линзтэйгээ унтвал юу болох вэ?

Угтаа бол контакт линзийг тогтсон хугацааны дараа нүднээсээ авч, нүдээ амраах хэрэгтэй. Унтахаасаа өмнө нүднээсээ авахыг зөвлөдөг. Хэрэв линзээ авахгүй унтчихвал линз хатаж, нүднээс авагдахгүй наалдах гэх мэт сөрөг үр дагавартай. Гэсэн ч энэ нь нүдийг гэмтээх хэмжээний аюул тарихгүй бөгөөд зайлшгүй шаардлагаар цөөн хэдэн удаа линзтэйгээ унтахад айх зүйлгүй юм. Мэдээж олон давтагдах тусам эрсдэл нэмэгдэнэ.

Өглөө нь нүдээ улайлгах, хуурайшуулах, цочроохгүйн тулд оройдоо заавал линзээ авч унтаж байхыг нүдний эмч нар зөвлөдөг. Мөн линзтэй унтах нь нүдний халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж, хараа муутгах аюултай. Үүнийг харгалзан үзэж, шөнө ч зүүх боломжтой линзүүд үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.

Нүдний линзтэйгээ унтчихвал яах вэ?

Санамсаргүй байдлаар линзтэйгээ унтчихсан бол өглөө нь ямар арга хэмжээ авах вэ?

  • Хэрэв линз тань нүдэнд наалдчихсан сэрвэл, шууд авах гэж хичээх хэрэггүй. Эхлээд нүдэндээ нүдний дусаалга дусааж линзээ дэвтээхийг хичээ.
  • Линзээ нүднээсээ авсны дараа нүдээ аньж, сайн амраах хэрэгтэй. Мөн тус өдрөө линз зүүхгүй байхыг хичээгээрэй.
  • Хэрэв нүд тань аргаж хорсоод, ямар нэгэн асуудалтай мэт санагдаж байвал яаралтай нүдний эмчид хандаарай.

Нүд асуудалтай байгааг илтгэх шинж тэмдгүүд

  • Нүд бүрэлзэх
  • Нүд улайх
  • Нүд өвдөх, таагүй мэдрэмж төрөх
  • Нулимс гоожих
  • Гэрэлд мэдрэмтгий байх
  • Нүдний эргэн тойронд хавдах
  • Нүд загатнах, халуу дүйгэх

Нүдээ гэмтээхгүйгээр линз зүүх арга

Нүд нь маш эмзэг эртхэн бөгөөд амархан гэмтэх эрсдэлтэй. Хэрэв та контакт линз зүүдэг бол дараах зүйлсийг дагаж мөрдөөрэй.

  • Контакт линзтэй унтаж болохгүй
  • Нэг удаагийн линзийг ахин зүүж болохгүй
  • Усанд орохоосоо өмнө линзээ ав
  • Нэг контакт линзний гэрийг 3-4 сараас дээш хугацаагаар хэрэглэж болохгүй
  • Бусдын контакт линзийг бүү зүү
  • Контакт линзийг тайлах, зүүхээс өмнө гараа савангаар угаана
  • Линзний усны оронд энгийн ус хэрэглэж болохгүй
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!