Нэгнийгээ нуруундаа үүрч, дэлхийгээр аялсан найзуудын гайхалтай нөхөрлөл

Өнөөдөр та бүхэндээ нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах нэгэн гайхалтай түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Кеван Чандлер гэх залуу маш ховор тохиолддог мэдрэлийн булчингийн өвчтэй бөгөөд амьдрал түүнд хатуурхсан ч, эргээд хамгийн сайн найзуудыг илгээж бэлэг барьсан юм.

Кеваны бага нас түүний амьдралын сонголтод нөлөөлсөн.

Кеван Чандлер 2 ахтай бөгөөд тэдний гэр бүлийн хоёр хүү нурууны булчингийн хатингаршилтай (SMA) оношлогдсон байдаг. Тэдний аав ээж хүүхдүүдээ багаас нь өөртөө итгэлтэй байхыг, бусдаас ялгарах зүйлгүй хүссэн бүхнээ хийх боломжтойг ойлгуулж, зөв хүмүүжил олгосон байна. Үүний ачаар тэд өөрсдийгөө азгүй нэгэн гэж мэдрэх бус, аз жаргалыг өөрөө бүтээдэг гэдгийг ойлгож ухаарч өссөн юм.

Тэрээр ахтайгаа хамт тэргэнцэртэйгээ хашаандаа тоглодог байсан бөгөөд үүнийгээ огтхон ч хачин зүйл гэж боддоггүй байв. Ээж аав нь тэднийг яг л бусадтай ижил гэдгийг ойлгуулж, хүмүүжүүлсэн болохоор өөрийгөө бусдаас дутуу, дорой хэмээн мэдэрч байсан удаагүй гэнэ.

Кеванд юугаар ч орлошгүй тун сайн найзууд бий

Кеван болон түүний найзууд хэдэн жилийн өмнө хамтдаа дэлхийгээр аялахаар шийдэж, Кеваныг тэргэнцэрээс нь буулгаж, найзууд нь ээлжлэн нуруундаа үүрч явсан байна. Тэд Кеваныг тухтай авч явж, олон зүйлс үзүүлэхийг хүссэн нь энэ юм.

Хэдийгээр бусдаас хэт хамааралтай байх нь амаргүй зүйл ч гэлээ, Кеван нөхөддөө итгэж, тэргэнцэрээ орхиж, тэдний нуруунд үүрүүлэн аялалдаа гарсан юм.

Кеван энэ талаараа “Амьдралдаа хийж үзсэн хамгийн сайхан аялал байсан. Надад ийм сайн найзууд байгаад талархаад баршгүй. Ээлж ээлжээрээ намайг үүрч, санаа тавьж явсан. Мэдээж тэд ядарч залхаж байсан л байх. Гэсэн ч бүгд л инээж, огт ядраагүй шүү гэхчлэн миний санааг зовоохгүйг хичээж байсан” хэмээжээ.

Кеван болон залуус Хятадад аялж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн төвд долоо хоног ажилласан. Тэнд тэрээр ашгийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг Кэти гэх бүсгүйтэй танилцжээ. Тэд бие биедээ дурлаж, 2 жилийн дараа хуримаа хийсэн юм.

Тэдний үүрч явсан үүргэвчээс санаа авч, олон хүмүүс үүнийг даган дуурайж ашиглах болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг хүмүүсийг тухтай авч явах боломжтой тус үүргэвчийг Кеван болон түүний найзууд олон нийтэд танилцуулсан аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!