56 настай жүжигчин Бай Линг мөнхийн гоо үзэсгэлэнгийн нууцаа хуваалцжээ

Бай Лин бол жүжиглэх авъяасаас гадна хийсэн үйлдэл, хэлсэн үг болгоноороо олныг гайхшруулж, хэл ам дагуулдаг тун ч алдартай нэгэн. Тэрээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө эмээгийнхээ амьдардаг Сарнаас ирсэн гэж хэлж байв. Түүнийг олны дунд алдартай, мөнхийн ярианы сэдэв болгоход хүргэсэн бас нэгэн зүйл бол түүний олон жилийн турш хадгалж чадсан хэзээ ч бүдгэрдэггүй дүр төрх юм. Өнөөдөр та бүхэндээ Бай Лины бие болон сүнсээ мөнхийн залуу байлгадаг нууцыг дэлгэх болно.

Хүмүүс түүний жинхэнэ дүр төрхийг харж чадахгүй байх вий гэж эмээдэг

Бай Линг бол маш алдартай Хятад-Америк жүжигчин юм. Тэрээр “The Crow”, “Red Corner”, “Crank: High Voltage” гэх зэрэг Холливуудын алдартай кинонуудад дүр бүтээж байсан төдийгүй “Entourage”, “Lost” зэрэг телевизийн шоунд оролцож байсан. Хэдийгээр тэрээр амжилттай яваа жүжигчин ч гэлээ Холливуудын түүнд бүтээж өгсөн хуурамч дүр төрх нь бүсгүйг тэр чигт нь хориод жинхэнэ өөрийг нь мартуулчих вий гэж айдаг болохоо ярьж байжээ.

“Би яаж байгаад ч юм мэдэхгүй авьяаслаг, үзэсгэлэнтэй жүжигчин Бай Линг үгүй хийчихсэн. Хэвлэлийнхэн намайг хаа сайгүй биеэ ил гаргаж явдаг галзуу хүүхэн мэтээр олонд харуулж, бүгд л намайг тэгж ойлгодог болчихсон. Би тийм хүн биш байхад бүгд л тийм мэтээр бичиж, сүүлдээ зөвтгөж засах ч тэнхэлгүй болдог юм билээ. Хүмүүс намайг буруугаар харж ойлгож байгаад санаа зовдог” хэмээсэн удаатай.

Одоо жүжигчин бүсгүй өөртөө илүү их цаг зарцуулж, өөрийгөө илүүтэй хайрлах болсон

 

Бусдад шүүмжлүүлж гоочлуулж явсаар ирсэн ч тэрээр өөрийгөө хайрлахаа огт болиогүй юм. Улам бүр өөрийгөө тордон, дотор болж буй зүйлсээ ч сошиалд хуваалцах дуртай аж. Мөн өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг бөгөөд бусдад таалагдаж, дагагчаа өсгөхийн тулд зургуудаа нийтэлдэггүй. Хамгийн гол нь сэтгэл зүй эрүүл байхад бие тэр чигтээ эрүүлжинэ, царай шингэрээд ирнэ, аз жаргалын даавар ялгарч амьдрал чинь ч амар хялбар болоод ирнэ. Энэ бол түүний баримталдаг гол зарчим юм. Үүний ачаар тэрээр өдгөө 56 настай ч 20-той охидоос ялгарах зүйлгүй үзэсгэлэн төгөлдөр хэвээр байгаа юм.

Түүнээс арьс арчилгаа, дэглэм зэргийн талаар асуухад “Би байгалийн жамаараа л хөгширч яваа. Залуухан харагдах гэсэндээ арьсаа татуулж бусдыг бас өөрийгөө хуурахыг хүсдэггүй. Амьдрал бол тойрог. Бид цаг хугацаанаас зугтаж чадахгүй учраас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нүүрэнд үрчлээс сууж, үс бууралтаж, өнгө зүс алдана. Үүнээс би огт айдаггүй. Хөгширсөн ч өөрийгөө хайрлаж, үзэсгэлэнтэйгээр харж чадна. Байгалийн жам учраас баяртайгаар хүлээн авч байгаа” хэмээсэн байдаг.

Мөн тэрээр өөрийн бие галбирын тухайд “Би сүртэй дасгал хийдэггүй. Алхахыг эс тооцвол өөрөөр дасгал хийдэггүй. Бас чанга хатуу хоолны дэглэм ч бариад байдаггүй. Оюун ухаан бол бидний биеийн бүх хэсгийг удирддаг төв станц учраас бодол санаа хамгийн хүчирхэг. Хэрэв эрүүл саруул сэтгэвэл бидний бие байгалийн хэмнэлээр жигд ажиллах болно. Миний нууц ердөө л энэ. Миний сэтгэлгээ эрүүл, бодол минь хүчтэй. Үүний ачаар өдий насандаа таргалалт, хөгшрөлт болон бусад зүйлсээс эмээхгүйгээр өөрийгөө хайрлаж, чөлөөтэй сайхан амьдарч байна” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!