Хүүхдийнхээ өмнөөс гэрийн даалгаварыг нь хийж өгөх нь ийм аюултай!

Саяхан л аав ээждээ эрхэлж, тоглож наадаж байсан үр тань сурагчийн ширээний ард сууж, гэрийн даалгаварт дарагдаад эхлэв үү? Мэдээж хүүхдээ сурган хүмүүжүүлж, эрдэм номтой болгох чин хүсэл эрмэлзэл эцэг эх бүрт байдаг ч, тэднийг сургаж, чиглүүлэх нь тийм ч амархан ажил биш ажээ. Хэрэв та заримдаа залхуурч, хүүхдийнхээ өмнөөс даалгаварыг нь хийж өгдөг бол үүнийг заавал мэдээд аваарай!

1. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг битгий өмнөөс нь хий!

Мэдээж бид анхнаасаа бүгдийг төгс төгөлдөр хийж чадна гэж байхгүй шүү дээ. Та ч гэсэн балчир хүүхдийнхээ адил чадахгүйгээс чаддаг болсон гэдгээ ямагт санаж явах учиртай. 6, 7 настангуудыг сургах хамгийн хэцүү байдаг бол хүүхэд 12 нас хүрэх үед таны оролцоогоос илүүтэй, бие даан сурах хүсэл сонирхолтой болж эхэлдэг.

Иймд хамгийн чухал нь хүүхдээ зөв чиглүүлэх, хичээлдээ дур сонирхолтой болгож өсгөх нь чухал юм шүү. Тэдэнд зүгээр л хийх аргыг нь зааж өг. Харин үлдсэнийг нь тэд өөрөө хийж чадна. Хэрэв тэд буруу хийсэн бол, зөв хариултыг хэлж өгөх, эсвэл бүү загнаж зэмлээрэй. Хэт их хичээлээр шахах, эсвэл төгс байхыг шаардах нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж мэднэ.

2. Тэдэнд хэрхэн сурахыг зааж өг

Хүүхдэдээ аливаа бодлого, өгүүлбэрийг учир зүйг сайтар тайлбарлаж, хэрхэн хийх, бодох арга замыг нь зааж өг. Түүнээс биш өмнүүр нь орж зөв хариуг хэлвэл тэр дараа дараагийн бодлогыг бодож чадахгүй, бусдаас тусламж эрсээр байх болно.

Өөрийнхөө хүчин чармайлт, ухаанаас бодож чадсаны дараа хүүхэд тань маш их баярлаж, түүндээ урамшин дараа дараагийн хүнд бодлогыг бодох сонирхолтой болох юм шүү. Мөн хамгийн чухал нь хүүхдийнхээ анхаарлыг маш богино хугацаанд, үр дүнтэй татаж чадсанаар хүүхэд тань илүү үр дүнтэй сурах юм. Түүнчлэн хичээлтэй холбоотой дэлгэрүүлэх мэдээллийг интернэтээр хэрхэн оновчтой үгээр, хурдан олж болохыг хэлэх хэрэгтэй!

3. Хичээл хийх таатай орчинг бүрдүүл

Хичээл хийх үеэр ямар нэгэн зүйлд сатаарах боломжийг хүүхдэдээ битгий өгөөрэй! Үүний тулд эцэг эхчүүдээс багахан анхаарал, санхүү шаардана. Хүүхдийн биед таатай байхуйц ширээ, сандал, номын шүүгээ, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэлтүүлгийг байрлуулж болно. Мөн хүүхдийн хичээлийн орон зайд өөр хэн нэгэн саад хийх, түүний анхаарлыг татахыг зайлсхийгээрэй. Мөн хичээл, танин мэдэхүйтэй холбоотой ном, сургалтын материалыг авч өгөх нь чухал.

4. Богино хугацаанд үр дүнтэй суралцахад нь тусла

Бяцхан хүүхдүүд хичээл хийж байхад хэр их цаг хугацаа өнгөрснийг төдийлөн сайн мэддэггүй. Иймд хүүхдээ хичээл хийж эхлэхэд нь энгийн сэрүүлэгтэй цагийг дэргэд нь тавьж өгөөрэй!

Түүнчлэн зөвхөн хичээл гэлтгүй, хүүхэлдэйн кино үзэх, хооллох, өрөөгөө цэвэрлэх, гэрийн даалгавараа хийх цагийг нь хувиарилж өгөх нь зөв. Ахлах болон дунд ангийн хүүхдүүдийн хувьд 2 цагийг хичээл хийхэд зарцуулахад хангалттай бол, бага ангийн хүүхдүүдийн хувьд 30 минут л байх ёстой байна.

5. Аливааг цаг тухайд нь хийж сургах

Ямарваа зүйлийг цаг алдалгүй, тухай бүрт нь хийлгээд сургачихвал, хүүхдийн тань ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болох болов уу. Тэгэхээр хүүхэдтэйгээ дараах зүйлсийг хамтдаа хийгээрэй!

  • Гэрийн даалгаварынхаа хүнд болон амархан хэсгийг ялгаж, амархан хэсгийг түрүүлж хийх
  • Илүү их цаг орж байгаа зүйлээ хамтдаа ярилцах
  • Аль хэсгийг хүүхэд ойлгохгүй, эцэг эхийг тусламж хэрэгтэй байгааг олж мэдэх

Хэрэв хүүхэд дээрх зүйлсийг ойлгоод, хичээлийнхээ яг юуг өөрөө хийж чадах, ямар зүйл дээр бусдаас тусламж авах хэрэгтэй болохоо мэдээд авчихвал, хүндрэл гарах нь бага. Мөн ингэснээр хичээл, хийх ёстой зүйлээ хойшлуулалгүй түргэн хийж сурах юм.

6. Хүүхдээ урамшуулж сураарай!

Ялангуяа бага ангийн хүүхдээ хичээл хийхэд нь урамшуулж, хүсэл сонирхлыг нь төрүүлж байгаарай! Ингэвэл тэд даалгаврыг дарамт бус, харин ч илүү хөгжилтэй байдлаар хийж, өөрийгөө хөгжүүлж чадна.

Жишээ нь, “Миний хүү хичээлээ хийгээд дуусгачихвал, хоёулаа хамт шатар тоглоё” Эсвэл, “Хүүгээ хичээлээ хийгээд дуусахаар нь, дуртай амттан, хоолыг нь хийж өгнөө” энэ мэтчилэн та хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, хамтдаа хичээлээ үр бүтээлтэй хийгээрэй.

7. Зөв ярьж, зөв асуулт тавиулж сургах

Балчир хүүхдүүд өөрсдийн бодож байгаа зүйлээ зөв тайлбарлаж, томчуудад ойлгуулж чаддаггүй. Тиймээс ч өөрийн ойлгохгүй байгаа зүйлийг багшдаа эсвэл, ээж аавдаа хэрхэн тайлбарлаж ойлгуулахаа төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс үүндээ маш их бухимдаж, энэ нь эргээд хичээл хийхэд нь сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс хамгийн чухал нь өөрийн мэдрэмж, мэдэхгүй, чадахгүй зүйлээ томчуудад хэрхэн илэрхийлэх аргыг зааж өгөөрэй!

8. Найрсаг байгаарай!

Хүүхдийнхээ орон зайг хүндэлж, ямарваа зүйлийг хийхдээ түүнийг саналыг үргэлж сонсож байгаарай. Учир нь өөрийг нь үл тоомсорлох, хүсээгүй зүйлийг нь хүчээр хийлгэнэ гэдэг тийм ч таатай зүйл биш юм шүү. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлгүй өсөж торних, үзэл бодлоо бусдад хэлэхээс эмээдэг, баригдмал нэгэн болно.

Үүнийгээ дагаад хүүхдийн сэтгэхүй ч мөн адил хаалттай болдог байна. Ялангуяа балчир хүүхдүүдийн хувьд нөхөрлөл хамгаас үнэ цэнэтэй байдаг. Хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх явцдаа тэрээр илүү биеэ даасан, өөртөө итгэлтэй, нэг ёсондоо бие хүн болох эхлэл тавигдаж байдаг гэсэн үг юм.

9. Бүх зүйлийг хичээл, сургуультай холбох нь зөв биш

Томчуудад ч гэсэн их ажлын дараа гэртээ хариад сайхан амрах нь илүү чухал байдаг. Гэтэл ажиллаж ажиллаад ядраад ирэхэд мөн л ажил яриад байвал, хэцүү шүү дээ.

Тиймээс хамгийн гол нь хүүхдийнхээ сэтгэл зүйг сайтар мэдэрч, нөхцөл байдалд тохирсон асуудал, асуултыг хөндөж байх нь чухал. Хэрэв хүүхэд тань цовоо цойлгон сэргэлэн байвал, хичээл дээр нь ямар сайхан зүйл тохиосныг асууж болно. Харин эсрэгээрээ унжгар, сул дорой байвал аль болох хичээл бус, өөр хөгжилтэй, дуртай зүйл рүү нь анхаарлыг татаарай!

10. Хичээлийн дүнгээр амьдралыг нь хэмжиж болохгүй!

Таны хүүхэд ямар нэг хичээл дээрээ муу авсан байлаа гээд, амьдрал нь бүтэхгүй, муу байна гэсэн үг биш. Иймд ямар ч үед хүүхдээ дэвтэр дээрх дүнгээр нь битгий хэмжээрэй! Ихэнх суут, амжилттай хүмүүс хичээлдээ нэг их сайн биш, тэр бүү хэл муу сурлагатан явсныг санах нь зүйн хэрэг.

Мэдээж тэглээ гээд хичээлд нь анхаарахгүй байна гэсэнгүй. Зүгээр л муу дүн таны хүүхдийг мулгуу, залхуу, биеэ даах чадваргүй болохыг тодорхойлохгүй. Түүнчлэн сайн дүнтэй байлаа гээд амжилтанд хүрнэ гэсэн үг ч биш.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!