Хүүхдэдээ “соосго” хөхүүлэх нь зөв үү, буруу юу?

Эцэг эхчүүдэд нярай хүүхдээ тайвшруулах шаардлага байнга гардаг. Зарим нь бүүвэйлдэг, нөгөө хэсэг нь соосго хөхүүлдэг. Хүүхэд ямар нэг юм хөхөх нь тэднийг тайвшруулах нэг сайн арга юм. Хүүхэд ураг байхаасаа л хуруугаа хөхдөг. Хөхөх нь хүүхдэд байдаг маш хүчтэй рефлекс юм.

Иймд 1 сартайгаас хүүхдэд соосго хөхүүлж болно. Эхний сар хүүхэд хөхөө ойр ойрхон, олон хөхөх шаардлагатай бөгөөд энэ нь хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх хамгийн сайн арга тул хүссэн үед нь хөхөө хөхүүлэх хэрэгтэй. Эхний сар хүүхэд өөрийнхөө бүхий л хүч энергийг соосго биш харин хөхний сүүгээ хөхөхөд зарцуулах ёстой.

Хүүхэд 2 сар орчимтойгоосоо хуруугаа хөхөж эхэлдэг. Соосго хөхүүлэх нь хуруугаа хөхдөг болохоос сэргийлэх үндсэн арга юм. Хуруугаа хөхөхийн оронд соосго хөхүүлэх нь хавьгүй дээр. Учир нь удаан хугацааны турш хуруугаа хөхөх нь хүүхэд буруу хазалттай болох аюултай. Харин соосго хөхөхөд ийм аюул маш бага. Хуруугаа хөхдөг зуршлыг зогсоох маш хэцүү, харин соосгоноос гаргаж болно.

Хүүхдийг өлсөөгүй хэрнээ тайван биш байхад соосго хөхүүлнэ. Эхний 6-8 сард шаардлагатай үед ямар нэг хязгаарлалтгүйгээр соосго хөхүүлж болно. Гэхдээ хүүхэд уйлах нь олон шалтгаантай бөгөөд тайвшруулах бусад аргуудыг мартаж болохгүй.

Вакцин тариулах, шинжилгээ өгөх зэрэг үед соосго хөхүүлэх нь өвдөлтийг багасгаж хүүхдийг тайвшруулах нэг арга болдог. Түүнчлэн унтах “аргаа олдоггүй”, унтахын өмнө их уйлдаг хүүхдэд соосго тус болдог. Мөн онгоцоор зорчих үед чихний өвдөлтийг намдаадгийг бид сайн мэднэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!