Орос эмээ нарын хийдэг салахын аргагүй амттай шарсан бууз

Амралтын өдрөөр эзэгтэй нар маань хайртай гэр бүлийнхэндээ гараа гарган амттай хоол хийж өгөхийг хүсдэг шүү дээ.

Харин өнөөдөр ямар хоол хийх вэ? хэмээн толгойгоо гашилгаж суугаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Өнөөдөр та бүхэндээ Орос эмээ нарын хийдэг шарсан буузны жорыг хүргэж байна.

Орц:

Зуурмаг

  • Гурил – 700 гр
  • Масло – 250 гр
  • Сүү – 500 мл
  • Хүнсний сода – 1 жижиг халбага
  • Давс – 1 жижиг халбага

Мах

  • Үхрийн мах – 500 гр
  • Төмс – 7 ширхэг
  • Сонгино – 3 ширхэг
  • Давс, хар перец – амталгаагаар

Шөл

  • Ус – 300 мл
  • Тос – 50 гр
  • Давс – 1/3 халбага

Бэлтгэх арга:

  • Гуриландаа халаасан маслоо хийж, дээр нь бүлээсгэсэн сүүгээ нэмээрэй. Дээр нь хүнсний сода болон давсаа хийж, гурилаа зуурах юм. Зуурсан гурилаа уутанд боож, дулаан газар 20 минут байлгах хэрэгтэй.
  • Мах болон төмсөө адил хэмжээтэй жижиглэн хэрчиж бэлтгэнэ. Үүн дээрээ татаж хэрчсэн сонгиноо нэмж, давс перецээр амтлаарай.
  • Одоо сайтар амарсан гурилаа тэнцүү хоёр хэсэгт хувааж, нэгийг нь үлдээж нэгийг нь уутандаа боож цааш тавиарай. Ингээд авч үлдсэн гурилаа тэнцүү 9 хэсэгт хувааж, элдэнэ. Хэт нимгэлж элдэж болохгүй бөгөөд элдсэн гуриландаа махаа боож, зурагт үзүүлсэнтэй адил дугуй чимхээрэй. Заавал гуриландаа зай гаргаж дугуй хэлбэртэй чимхэх хэрэгтэй шүү. Энэ маягаар бүх гурилаараа буузаа хийнэ.
  • Шөлөө бэлтгэхдээ бүх орцоо нийлүүлж, гал дээр буцалгаарай. 1-2 минут буцалгахад л хангалттай.
  • Буузнуудаа шарах шүүгээний тавцан дээр өрж тавина. 180 хэмд 20 минут байлгаж гаргана. Дараа нь буузныхаа нүх руу шөлөө хийж, буцаан шарах шүүгээндээ хийгээд 40 минут байлгаарай.
  • Ингээд таны амттай шарсан бууз бэлэн болох юм.

Эзэгтэй таны бэлтгэсэн хоол гэрийнхэнд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!