Бусдыг өөрөөсөө түлхдэг хүний нийтлэг шинжүүд

Заримдаа бид өөрийн мэдэлгүй л “сураар боож чадаагүй сурсан зан”-ийнхаа ачаар ажлын хамт олон, гэр бүлийнхэн, найз нөхөд, тэр ч бүү хэл өөрт чинь татагдаж буй хүнийг хүртэл түлхэж орхидог. Энэ мэтчилэн явсаар зожиг, ааш муутай хэмээн цоллуулаад ганцаараа үлдсэн хүн олон. Хэрвээ та л нүдээ нээж харах юм бол эргэн тойронд чинь дүүрэн жишээ бий. Өөрөө өөртөө дүгнэлт хийж, бусдыг өөрөөсөө түлхэх биш, соронзон мэт татаж яваарай.
Өөрөөсөө бусдыг түлхдэг хүмүүст дараах хэдэн нийтлэг шинж ажиглагддаг.

1. Хэт шударга зан байдал

Шударга байх нь хэдийгээр сайн зүйл ч гэлээ хаана, хэнтэй шударга харьцах вэ гэдгээ ялгаж чадвал эерэг хандлагыг бий болгож чадна. Харин цагаа олоогүй хэт шударга харилцаа нь бусдыг болон өөрийгөө эвгүй байдалд оруулахуйц бүдүүлэг зан болон хувирдаг учир бусад хүнийг гомдоох, эмзэглүүлэх үндэс болдог.

2. Жижиг, хөнгөн ярианд дургүй

“Олон юм нуршилгүй, шууд яриандаа оръё” гэж яриагаа эхэлдэг хүмүүс заримдаа цаг хожоод амар мэт боловч, хувийн харилцаа болон хамт олны халуун дотно уур амьсгалыг эвдэх нь элбэг. Бидэнд анзаарагддаггүй ч гэлээ цаг агаарын тухай, амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлсэн тухай, удахгүй болох баярыг хэрхэн тэмдэглэх тухай жижиг харилцан ярианууд хүмүүсийн харилцааг дотно болгож байдаг. Ийм төрлийн хүмүүс хатуу ширүүн, төмөр мэт хүйтэн сэтгэгдлийг бусдад төрүүлдэг билээ.

3. Тэвчээргүй байдал

Жишээ татъя: та аливаа зүйлийг шинээр сурах эрмэлзэлтэй, бүх зүйлд соргог хандаж сониуч зангаа байнга гаргадаг байхад бүх хүмүүс тан шиг сэтгэхгүй. Ийм тохиолдолд та хэт эмзэглэж, бусдаас бурууг хайснаар асуудал улам даамжирдаг. Тиймээс тэвчээргүй, өөрийгөө бухимдуулдаг зангаа хойш нь тавьж, “empathy” буюу өөрийгөө бусдын оронд тавих чадварыг эзэмшээрэй.

4. Гомдомтгой хүнийг тэвчиж чаддаггүй

Тэд өдөр тутмын нэгэнт хэвшсэн зүйлсэд хүртэл гомдол гаргаж, үргэлж гомдоллож явдаг хүмүүсийг цагийн гарз гэж үздэг. Гомдомтгой зан нь хэдийгээр төвөгтэй боловч заримдаа хүмүүс яагаад тухайн зүйлд гомдоллох болов, юунаас болж энэ хүн гомдов гэдгийг хааяа ч гэсэн ойлгохыг хичээж байгаарай. Ялангуяа хувийн харилцааны тал дээр хамтрагчаа ойлгохыг хичээж, гомдол дагуулж буй субьект дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

5. Эцэст нь хэлэхэд:

Хүн хүний амьдрал тэс өөр олон жижиг хэлхээсээс бүрддэг. Бид бие биенээ харилцан ойлголцсон цагт хувийн амьдрал, ажил хэрэг урагштай байж, амжилт өөд урагшлах үүд хаалга нээгдэнэ. Үүнд саад болж буй олон хүчин зүйл байгаа ч тэдгээрийг нэгтгэвэл “Хувиа хичээсэн зан”, “Үл ойлголцол” хэмээх 2 том сэдэв л яригдах болно. Дээр дурдсан зан чанарууд ч энэ хоёр сэдэвт шууд хамааралтай. Тиймээс өөрийн байр сууринд бат төдийгүй бусдыг ойлгох уян хатан чанарт хичээн суралцаж, амьдралыг улам сонирхолтой болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Уншигч танд шинэ оны мэндийг манай сайтын зүгээс хүргэж, наашлах ондоо эерэг сайхан бүхний эзэн байгаарай хэмээх ерөөлийг дэвшүүлье!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!