Энэ өвлийг гэр бүлээрээ ханиад томуугүй давчих юмсан гэж сэтгэлээ чилээж байна уу? Тэгвэл үхрийн булууны яс буцалгаж, шөл гаргаж аваарай

Өвлийн хүйтэн өдрүүд наашилж, хэдийн утаатай болчихжээ. Үүнээс болж гадуур ханиад их дэлгэрч, энхрий бяцхан үрс минь эмнэлэгт хэвтэх нь олширч байна. Тэгвэл та хүүхдээ ханиаднаас хэрхэн хамгаалж, дархлааг нь сайжруулах вэ? Энэ нь их энгийн, та ердөө л үхрийн булууны ясыг буцалгаж, шөлийг нь хоолондоо ашиглаж байхад хангалттай юм.

Үхрийн булууны ясны найрлаганд кальци өндөр тунгаар агуулагддаг тул эрт дээр үеэс монголчууд ясны шөл бэлтгэх, цай чанахдаа данхандаа хийж ашиг шимийг нь хүртдэг байжээ. Эзэгтэй та өвлийн улиралд булууны ясаар шөл бэлтгэх, эрүүл мэндийн ач холбогдлын талаар дараах мэдээллийг хүргэж байна

Ясны шөл бэлтгэх

Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, 3-4 цаг зөөлөн гал дээр чанана.

Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

Хоол хийхдээ:

  • Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
  • Шөлийг буцалмагч галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
  • Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
  • Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
  • Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
  • Хөргөсөн байдлаар 7 хоног хөлдөөж хэдэн сар хадгална.

Эрүүл мэндийн ач тус нь юу вэ?

  • Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй. ГАГ-уудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
  • Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.
  • Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
  • Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна. Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд студенийг бага хэмжээгээр ч хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай юм байна. Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай.
  • Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой.
  • Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.
  • Үе мөчний, коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь эдгээр бэлдмэлүүдээс илүү үр дүнтэй, шингэцтэй, олон талын ач тустай, хямд байх юм.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!