Хүүхдийг гэрийн даалгавраа асуудалгүй хийдэг болоход туслах аргууд

Хүүхэд гэртээ гэрийн даалгавараа хэрхэн хийж сурах нь тэдний сурлага хийгээд зан төлөвшилд чухал ач холбогдолтой. Харин тэднийг гэрийн даалгавараа зөв хийж сурахад эцэг эхийн үүрэг оролцоо чухал. Өнөөдөр аав ээж нартаа хүүхдийнхээ даалгаварыг хийлгэхдээ анхаарах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Дуртай хөгжмийг нь асаалттай орхи

Хөгжим нь хүүхдийн анхаарлыг сарниулна гэж ихэнх аав ээжүүд боддог учир тэднийг хичээлээ хийхдээ хөгжмөө унтраа гэдэг. Гэхдээ энэ нь эсрэгээрээ байж болох юм. Хүүхэд өөрийн дуртай хөгжмөө сонсоход аз жаргалтай болдог бөгөөд энэ үед хичээлээ илүү идэвхитэй хийж, даалгавараа зүдэрч биш, хөөр баяртайгаар хийж дуусгана.

Хичээл хийх таатай нөхцлийг бүрдүүл

Хүүхэд хичээлээ хийхэд тохиромжтой нөхцлийг бүрдүүлж, ширээ гаргаж өгөөрэй. Байнга тэнд нь хийлгэх ёстой. Хүүхэд тэр ширээнд суугаад л хичээл хийх мэдрэмж төрнө. Мөн хажуугаар саад болох зурагтыг унтраах хэрэгтэй бөгөөд хэрэглэх бал нь содон, тод өнгөтэй байвал зүгээр. Энэ нь хүүхдийн хичээл хийх дур сонирхлыг өдөөнө. Мөн хажууд нь аяга ус тавьснаар, ам цангавал нааш цааш босч гүйх шаардлага гарахгүй.

Хичээл хийдэг тогтсон цагтай болго

Өдөр бүр хичээл хийдэг тогтсон цагтай болох хэрэгтэй. Яг цаг болоход ширээндээ суугаад үзгээ бариад хичээлээ эхэлнэ. Мөн хичээлийн дараа хүүхдэдээ хоолыг нь авч өгөх, чөлөөт цагаа дур мэдэж өнгөрүүлэх гэх мэтээр урамшуулж, шагнаарай.

 

Хүүхдийнхээ өмнөөс бүгдийг нь хийж өгч болохгүй

Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ мэдэхгүй зүйлсийг нь тайлбарлаж өгөхийн оронд өөрсдөө шууд хийгээд өгчихдөг. Эндээс хүүхэд юу ч сурч авахгүй нь тодорхой шүү дээ. Анги дээрээ очоод хэнээс асуухаа ч мэдэхгүй чимээгүй буруу хийж явсаар, хичээлээсээ хоцрогдоно. Тиймээс аав ээжүүд маань хүүхдэдээ туслахдаа сайн тайлбарлаж өгөөд, өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй.

Хүүхэд хичээлээ ойлгохгүй, ядраад ирвэл түр зуурын амралт өг

Хүүхэд тань хичээлээ ойлгохгүй, тоогоо бодож чадахгүй байвал 10 минутын богино амралт өгчих. 10 минут зурагт үзэж, юм идээд сэтгэл санаагаа дээрдүүлчихээд ирэх болно. Одоо харин ахиад нэг оролдоод үзэх хэрэгтэй.

Тэдний бодлыг сонс

Хүүхдийг хэт хүчилж, бүхнийг өөрийнхөөрөө хийж болохгүй шүү эцэг эхчүүдээ. Хүүхдээ тэр хичээлээ эхэлж хий, энийг дараа нь, одоо энийг гэхчлэн үйлдэл бүрийг нь зааж болохгүй. Анги дээрээ очиход хүүхдэд тань тэгж анхаарал хандуулах хүн байхгүй учир хичээлээ ойлгохгүй болчихдог. Тиймээс аль болох өөрөөр нь хийлгэж, өөрийнх нь сонголтыг хүндэтгэж, биеэ дааж сурахад туслаарай.

Бяцхан шагнал

Хүүхэд тань хичээл хийх дургүй нэгэн бол шагналыг системийг ашиглаж, гэрийн даалгаварыг нь хийлгээрэй. Хичээлээ хийгээд дуусчихвал утсаар юм үзэж болно, хичээлээ хийчихвэл пицца авч өгнө гэхчлэн дуртай зүйл дээр нь дөрөөлж, хичээлдээ дуртай болгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!