Хүүхэд тань зөрүүдлээд, үгэнд орохгүй байвал авах арга хэмжээнүүд

Хүүхдийн гаргаж буй зан ааш бүр учир шалтгаантай. Тиймээс шууд л загниж хүчээр болиулах гэхийн оронд сонсож, ярилцаж, ахиж ийм авир гаргахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм. Тэгж байж л хүүхдээ зөв хүмүүжилтэй, ааш араншинтай болгоно. Тэгвэл хүүхэд тань зөрүүдлээд, үгэнд тань орохгүй хэцүү байвал ямар арга хэмжээ авах ёстой талаар мэдээллийг хамтдаа сонирхоцгооё.

Илүү зөөлөн хандлагыг үзүүл

Хүүхэд эцэг эхийнхээ толь хэмээдэг. Тэр таны гаргаж буй ааш авирыг харж, даган дуурайх тул тэдэнд тайван байхыг зааж, өөрөөрөө үлгэр жишээ болгоорой. Хүүхэд тань зөрүүдлэж, уурлаж байвал тэднийг чанга дуугаар загних биш, зөөлөн хандаж, аргадаж ярилц.

Сонголтыг санал болго

Хүүхдэд ямар ч сонголт өгөлгүй, шууд л тулгаж болохгүй. Энэ нь улам бүр зөрүүд занг нь бадраана. Тиймээс сонголт өгч, өөрөөр нь сонголтыг нь хийлгэж байгаарай. Та ухаалаг байж чадвал өөрийгөө стрессдүүлж, хүүхдээ загниж, чанга дуугаар орилохгүйгээр асуудлыг хялбархан шийдэж сурна.

Өөртөө үргэлж амттан авч явж бай

Хүүхдийг бухимдуулдаг зүйлсийн хамгийн түгээмэл нь өлсөх мэдрэмж. Гэнэт л амттай юм идмээр санагдаж, хүүхэд уурлаж болно. Тиймээс тэдний бухимдлыг амархан дарж, тайвшруулахын тулд үргэлж өөртөө амттан авч явж байгаарай.

Хүчээр тулгахын оронд тайлбарлаж өг

Хүүхдийг унт, хоолоо ид, гараа угаа гэж загниж хүчлэхийн оронд яагаад эдгээрийг хийх ёстойг тайлбарлаж өгөөрэй. Хүүхэд сайн ойлгож аваад, дараагийн удаа таниар хэлүүлтгүй өөрөө хийдэг болчихно.

Зөв аргаар шийтгэх

Хоолоо идэхгүй бол амттан өгөхгүй, тоглоомоо хураахгүй бол тэр өдөртөө тоглоомоор тоглохгүй гэх мэтээр ар араасаа уялдаатай байдлаар шийтгэж байгаарай.

Хүүхдэд анхаарал хандуул

Хүүхэд эцэг эхээсээ анхаарал халамж нэхэж, тэдний анхаарлыг татах гэсэндээ уурлаж зөрүүдлэж, янз бүрийн авир гаргах нь элбэг байдаг. Энэ тохиолдолд шууд л хүүхдээ буруутгахаас илүүтэй өөрсдийгөө нэг анзаараад үзээрэй. Мөн хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлж, хамтдаа хөгжилтэй дурсамж бүтээх хэрэгтэй.

Тэдний бодлыг асуу

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх, яах талаар хүүхдээсээ асууж, тэдний бодлыг ч мөн сонсож байгаарай. Хүүхэдтэйгээ сайн ярилцаж байх нь тэднийг ухаалаг, зөв хүмүүжилтэй болоход хамгийн том түлхэц болдог байна.

Тайвшруулахыг хичээ

Эцэг эх байхад асар их тэвчээр шаардагдана. Үргэлж тэвчээр зааж, хүүхдээ сонсохыг хичээ. Мөн тэднийг юу бухимдуулж байгааг олж мэдээд, энэ талаар ярилц. Жишээ нь хүүхэд тань гарч тоглоно гээд уурлаад байвал “Ээж нь чамайг хэчнээн их тоглохыг хүсч байгааг сайн мэдэж байна. Гэхдээ хүү минь гадаа бороо орж байна. Ийм цаг агаартай үед гадаа гарвал чи норно, даарна, ханиад хүрнэ. Дээрээс нь чамтай гадаа тоглох хүүхдүүд ч байхгүй байгаа. Тийм болохоор ээжтэйгээ хамт гэртээ хөгжилтэй зүйлс хийж тоглоцгооё” гэж ятгах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!