Хосуудын харилцаа эрүүл байгааг илтгэх шинжүүд

Хүмүүс хайр дурлал, хосуудын харилцааг төгс төгөлдөр мэтээр төсөөлдөг. Харин тэр төсөөлөлд нь нийцэхгүй, үлгэр, кинон дээр гардгаас өөр байгаад ирэхээр сэтгэл гундуухан явахад хүрдэг билээ. Үнэн хэрэгтээ та хоёрын харилцаа эрүүл, хаа нэг маргалдаж, нэгнээ ойлгохгүй үе гардаг ч харьцангуй амар тайван. Өнөөдөр та бүхэндээ таны хайр дурлалын харилцаа харьцангуй эрүүл болохыг батлах шинжүүдийг танилцуулж байна.

Би гэхээс илүү бид гэж ярьдаг

“Бид хүүхэдтэй болж байгаа” гэхчлэн би гэхээс илүүтэй бид гэж ярьдаг уу? Тийм бол энэ нь тухайн хосууд хэдийн нэгэн цул болсныг илтгэнэ. Хувиа хичээж өөрийгөө бодохоос илүүтэй харилцаандаа анхаарал хандуулдаг гэдгийг илрэл юм. Мөн үргэлж бид гэж ярьдаг хосуудын харилцаа урт удаан хугацаанд үргэлжилдэг болохыг сэтгэл судлалын танхимаас явуулсан судалгаагаар баталсан байдаг.

Нэг нэгэндээ хувийн орон зайг нь үлдээдэг

Цаг ямагт хянаж цагдах биш, хувийн орон зайг нь олгож, хийх дуртай зүйлээ хийх боломжийг нь өгдөг хосуудыг эрүүл харилцаатай гэнэ. Зөвхөн хоёр биенээ хараад л нийгмээс тусгаарлагдаж амьдрах бус, өөрийгөө хөгжүүлж, хоббитой ч болох нь хосуудын харилцаанд маш чухал. Харилцааг илүү тайван болгож өгнө.

Нэгнээсээ нарийн ширийн зүйлсийг асуудаг

Нэгнээсээ нарийн ширийн зүйлсийг нь асуудаг, анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Хоёр биенээ үл ойшоогоод ирэхэд л хосуудын харилцаанд сэв сууж эхэлнэ. Хэрэв таны нөхөр/эхнэр таниас өдөр юу хийсэн, юу тохиолдсон гэхчлэн бүхнийг асууж, оройдоо энэ тухай ярилцаж суудаг бол өөрийгөө азтайд тооцож, бүү цааргалж байгаарай. Учир нь ийм мэтийн энгийн зүйлс л харилцааг авардаг.

Маргалддаг ч шийдэлд хүрдэг

Огт хэрэлдэж муудалцахгүй байна гэж үгүй. Энэ нь нэг талаараа сайн үр дагавартай. Нэгнийхээ талаар илүү их мэдэж авах, нэгэнтэйгээ илүү сайн ойлголцоход тусална. Хамгийн гол нь маргалдсан ч, хамтдаа шийдэл олох, ярилцах шийдвэрлэх нь чухал.

Харилцаандаа илүү их цаг гаргадаг

Хүүхэдтэй болоод ирэхээр хайртууд гэхээс илүүтэй аав ээжүүд болчихдог. Өнөөх хосын харилцааг бараг л мартацгааж, хайрлах завгүй амьдарч эхэлнэ. Энэ нь тун ч сөрөг нөлөөтэй тул, заавал өөрсдөдөө цаг гаргаж байх нь чухал юм. Хэрэв ингэж чаддаг бол таны гэр бүлийн харилцаа маш эрүүл, зөв замаар явж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!