Цагаан сарын тавгийн идээг чимэх бурамтай еэвэн хийх жор

Сар шинийн баяр хаяанд иржээ. Хүн бүхэн дор бүрнээ баяртаа бэлтгэж, завгүй бужигналдаж байна. Харин манай эзэгтэй нарын тухайд тавгийн идээгээ худалдаж авах биш, өөрсдөө бэлтгэж хийх сонирхолтой байгаа. Иймд та бүхэндээ “Momy Doko”-ийн зааж өгсөн еэвэн хийх жорыг хуваалцаж байна. Та тус группд нэгдэж, төрөл бүрийн амттан, нарийн боовны жорыг сурч авахаас гадна өөрсдийн бүтээлээ хуваалцаарай.

Орц:

  • Гурил – 500 гр
  • Алмонд гурил – 50гр (хийхгүй, жирийн гурил орлуулж болно, уг нь алмондтой амттай болдог)
  • Өндөг – 3 ширхэг
  • Элсэн чихэр – 160 гр
  • Цөцгийн тос (масло) – 160 гр

Хийх арга:

Масло , өндөг тасалгааны хэмд зөөлөрсөн бүлээссэн байх хэрэгтэй. Масло, өндөг 2 дээр элсэн чихрээ нэмээд, холигч хошуугаар, хооронд нь нийлтэл нь сайн хутгана.

Гурилаа аажим нэмж, холино.

Гурилаа бүрэн холилгүй, 1/3 орчим хэсгийг үлдээнэ. Үлдээсэн хуурай гурил дээрээ , зуурмагаа савнаасаа гаргаж, нэмээд, хооронд нь наалдуулах маягаар барьцалдуулна. Нухахгүй! Маш зөөлхөн, гарт наалдахгүй, тослог ихтэй зуурмаг болно.

Хүнсний скочоор битүү ороогоод, хөргөгчинд царцааж амраана.

Шанзны орц;

  • Арвайн гурил – 200 гр
  • Бор элсэн чихэр (энгийн цагаан сахар болно) – 120 гр
  • Цөцгийн тос (масло) – 150 гр
  • Үзэм – 200 гр
  • Зөгийн бал – 50 гр
  • Маалингын үр – 20 гр

Маслоо зөөллөөд, шанзныхаа бүх орцыг хольж, барьцалдсан болгоно. Сайн барьцалдаж өгөхгүй байвал, буцалсан хүйтэн ус , хэт шингэн болоод байвал арвайн гурил нэмнэ. Гэхдээ арвайн гурил шингэнийг маш амархан уудаг тул, хуурай орц нэмэхийнхээ өмнө 10 мин орчим амраагаад харж байгаад нэмээрэй.

7 см диаметртэй moon cake хэвэнд хийхэд; Шанзаа 30 гр-р , цагаан царцсан зуурмагаа 40 гр-р тасалж бөөрөнхийлнө. Цагаан зуурмаг тос ихтэй тул хүйтэн царцсан үед нь ажиллах их тохиромжтой, хээ нь арилдаггүй, хэлбэрээ алддаггүй. Халуун алганы хооронд удаан байлгаж, хэт зөөллөж, тосыг нь урсгаж, байх ёстой хэмжээнээс нь бага болгосноор хатуу болно, бутарсан шинж чанараа алдана.

Цагаан зуурмагаа элдэж болно, эсвэл алганыхаа хонхорт хийж, хонхойлгож нимгэлнэ. Цагаан зуурмаг хүйтэн байна гэдгийг анхаараарай. (Зузаан нь5-6 мм )

Нимгэлсэн гурилдаа, шанзаа хийж, хий оруулалгүй нааж чимхэнэ. Хэвээрээ хэвлээд(цагаан пластмасан moon cake хэвний диаметр 7 см) , листэн дээрээ зайтай өрнө.

Сүү , өндөг 2 г нийлүүлж хольсон уусмал нимгэн жигд түрхэж өгнө. Еэвэн бүр дээрээ 2-3 нүх гаргаж , цоолж өгөөрэй. Эсвэл еэвэнг дээш нь хэт овойлгохгүйн тулд хэвлэсэн еэвэнгээ хөлдөөгчинд сайн царцааж байгаад зуухандаа хийж болно. Урьдчилж халаасан зууханд 180С дээр дээр доороос нь 25-30 мин болгоно.

Зууханд хийснээс 10-15 дараа, гаргаж ирээд , дахин өндөгний уусмалаа нимгэн түрхэнэ. Овойсон хэсэг байвал, тэр хэсгийг нь дахин цоолоод, буцаагаад зуухандаа, 10-15 мин, жигд шаргалттал нь болгоно. Болох явцад еэвэн овойсон бвл, халуун дээр нь хавтангаар хөнгөхөн дарж хөргөнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!