Шинээс татгалзаж, бусдын хэрэглэж байсан хуучин эд зүйлсийг худалдаж авах ёстой шалтгаанууд

Хуучин бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь олон талаараа хэмнэлттэй басхүү ашиг тустай. Бусдын эдэлж хэрэглэж байсан барааг худалдаж авснаар санхүүдээ хэмнэлт хийгээд зогсохгүй хүрээлэн буй орчноо аварч, өөрийн тус дэмийг хүргэж буй нэгээхэн хэлбэр болно. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон шинээр худалдаж авах шаардлагагүй эд зүйлсийг танилцуулж байна.

Ном 

Ном уншиж олон талын мэдлэгээ тэлж, үүнийгээ бусадтай хуваалцана гэдэг мэдээж маш гайхалтай хэрэг. Харин та номоо уншиж дууссан бол, сайтар ойлгож, хэрэгтэй бүх мэдээллийг хангалттай авч чадсан бол хуучин номын дэлгүүрт зарж эсвэл номын санд хандивлаж байгаарай. Мөн ном худалдаж авах үедээ шинэ гэхээс илүүтэй хуучинг авах нь зөв шийдвэр болно. Нэг ном үйлдвэрлэхэд хэр их хэмжээний мод, будаг зэрэг ашигладаг болохыг та мэдэх үү?

Технологийн хэрэгслүүд

Технологи маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эдгээрийг дагаж шинээр гарсан бүхнийг худалдаж авна гэдэг санхүүгийн хувьд хэцүү. Харин үүнээс гарах арга зам нь шинэ биш буюу бусдын хэрэглэж байсан хуучин технологийн хэрэгслийг худалдаж авах нь хамаагүй дээр.

Унадаг дугуй

Заавал өндөр үнэтэй шинэ унадаг дугуй авах гэж дансаа хоослохын оронд цэвэрхэн эдэлсэн хуучин дугуй авч унаарай. Багахан шинэчлэл хийж, будаж засахад л цоо шинэ мэт харагдаж болох учир танд багагүй хэмнэлт болно.

Хувцас

Хүний өмсөж байсан хувцсыг өмсөхгүй гэхчлэн хуучинсаг үзэл бодлоо хаях цаг болжээ. Жилд гэхэд хэр их хэмжээний хувцас хог болон хаягдаж, дэлхийг хордуулж бохирдуулж байгааг та мэдэх үү? Эх дэлхийгээ хайрладаг хүмүүс аль болох бага хувцас авах, өмсөхгүй хувцсаа шуналтаж авахгүй байх, шинэ гэхээс илүү цэвэрхэн хуучин хувцас сонгож авах гэхчлэн аргуудыг ашиглаж байна. Гадаад улс орнуудад хуучин хувцасны дэлгүүрүүд маш түгээмэл байдаг бөгөөд хүмүүс ч ихээр сонгож үйлчлүүлдэг.

Дасгалын төхөөрөмж

Гэртээ дасгал хөдөлгөөн хийхийн тулд цөөнгүй хэдэн дасгалын төхөөрөмж худалдаж авах шаардлагатай болдог. Гэхдээ заавал шинийг авах гэж бүү яар. Интернэтээр дүүрэн хуучин төхөөрөмж зарна гэсэн зарууд байгаа. Тэндээс сонгоод өөрт хэрэгтэйг хямд үнээр худалдан авч болно.

Машин

Зарим баян хүмүүс машинд нь багахан сэв зураас гарахад л шууд зарж, өөр шинийг худалдаж авдаг. Харин та тэдэн шиг санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн нэгэн биш бол багахан сэв болсон хуучин машиныг сонгож аваарай. Илүү хямд үнээр ганган машинтай болчихно гэсэн үг. Гол нь хуучин машин авч байгаа бол сайтар хянуулж, асуудал байгаа эсэхийг мэдэж авах нь чухал болохыг анхаараарай.

Хөгжмийн зэмсэг

Хэрэв та хөгжим тоглож сурч байгаа бол шууд шинийг худалдаж авах гэхээс илүүтэй бусдын ашиглаж байсан хуучин зэмсгийг худалдаж аваарай.

Тоглоом

Хүүхдийн сонирхол маш хурдан буурдаг. Энүүгээр тоглоно гэж авахуулчихаад хэдхэн хоногийн дараа гэхэд энийгээ болиод тэрийг гэдэг зантай. Хүүхдийнхээ тухайн зан чанарт тааруулж төрөл бүрийн тоглоом худалдаж авч өгөх хэрэггүй. Үүний оронд цэвэрхэн хэрэглэсэн хуучин тоглоомыг сонгон худалдаж авч өгсөн нь дээр. Мөн хүүхэд тань тоглоомоосоо уйдчихвал сайтар угааж цэвэрлээд өөр хүүхдэд дамжуулан өгөөрэй.

Тавилга

Хуучин барааны дэлгүүрээр нэг шагайгаад үзээрэй. Таны төсөөлж байгаагүй загварлаг, орчин үеийн басхүү гэмтэл сэвгүй тавилгууд их байдаг. Гэхдээ үнэ нь маш хямдхан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!