Хоол хүнсийг төрлөөс нь хамаарч хөргөгчинд хэр удаан хадгалах вэ? Бид үүнийг мэдэхгүйгээс болж эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг

Бид дэлгүүрээс худалдаж авсан хүнсний зүйлсээ зөв зохистой хадгалж мэддэггүй төдийгүй хэр удаан хадгалах баримжаа ч байдаггүй. Магадгүй энэ буруу зуршлаас болж, хүмүүс ихээр өвдөж, эрүүл мэндийн асуудалтай болж байгаа. Ийм учраас та бүхэндээ зарим төрлийн хоол хүнсийг хөргөгчинд хэр удаан хадгалах талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Крем Чиз

 

Ерөнхийдөө бяслаг нь хурдан мууддаг бүтээгдэхүүн бөгөөд крем чиз нь зөөлөн бүтэцтэй тул илүү болгоомжтой харьцах шаардлагатай. Үүнийг хөргөгчинд хадгалах нь зохистой бөгөөд заавал тагийг нь таглана. Гэхдээ хөлдөөж болохгүйг сана. Хэрэв та тагийг нь онгорхой ил тавьж орхивол дулаан орчинд бактери хурдан үржиж ба өрөөний температурт 2 цагаас илүү хугацаагаар байлгавал хаях хэрэгтэй болно.

Картон хайрцагтай шүүс

Савласан шүүсийг 12-18 сарын турш ямар ч асуудалгүйгээр хадгалах боломжтой. Харин тагийг нь нээчихсэн бол жимсний ундааг хөргөгчинд 10 орчим хоног хадгалж болно.

Усан үзэм

Усан үзмийг алим, лийр, жүрж шиг удаан хадгалдаггүй. Яагаад гэвэл усан үзэм нь чийг, халуунд маш мэдрэмтгий байдаг. Тиймээс идэх хэмжээгээрээ л худалдан авалт хийж байгаарай. Усан үзмийг тасалгааны температурт нэг хоног, хөргөгчинд 7 хоног л хадгалах боломжтой.

Цоохор майлз

Энэ ургамлын 100 грамм нь ойролцоогоор 14 калори илчлэг агуулдаг тул хүмүүс хоолны дэглэм барихдаа ихээр иддэг. Шаржигнуур, шүүслэг селөдерей буюу цоохор майлз нь үнэндээ эрүүл мэндэд маш их ашиг тустай байдаг. Энэ нь витамин, антиоксидантаар баялаг бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулдаг. Хамгийн гол нь хадгалах нөхцлийг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг тасалгааны температурт хадгалж болохгүй ба хөргөгчинд 1-2 долоо хоног, хөлдөөгчид 10-12 сар байлгана.

Цэцэгт байцаа

Зохих ёсоор хадгалсан түүхий цэцэгт байцааг хөргөгчинд 1 долоо хоног орчим хадгалах боломжтой. Мөн чанаж болгосон байцааг хөргөгчинд 3-аас 5 хоног, хөлдөөгчид 10-аас 12 сар хүртэл хадгалж болох юм.

Сармис

Бараг бүх хоолыг сармисаар амталж болно. Харин үүнийг зөв зохистой хадгалах нь чухал. Толгой сармисыг 6 сар асуудалгүй хадгалж болох юм. Харин хальсыг нь авчихвал амт чанараа хурдан алддаг. Хальсалсан сармисыг хөргөгчинд 7 хоног хадгалж болох бол, хэрчсэн сармисыг саванд хийж дээр нь бага зэрэг оливын тос хийгээд 2-3 хоног хадгалаарай.

Лаазалсан эрдэнэ шиш

Жимс, даршилсан ногоо, даршилсан байцаа, улаан лооль зэрэг хүчил ихтэй лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг задлахгүй бол 18 сар, задалсан тохиолдолд хөргөгчинд 5-7 хоног хадгална. Хүчил багатай лаазалсан хоол (жишээлбэл, мах, шувууны мах, загас, соус, шөл, шош, лууван, эрдэнэ шиш, вандуй) задлаагүй бол 2-5 жил, задласан бол хөргөгчинд 3-4 хоног хадгалж болох юм.

Алим

Энэхүү тэжээллэг жимс нь эрүүл мэндэд маш их ач тустай байдаг. Жишээлбэл, энэ нь эслэг, антиоксидантаар баялаг бөгөөд тус жимсний хэрэглээ нь гэдэс, тархины эрүүл мэндийг сайжруулдаг. Алимыг хөргөгчинд 3 долоо хоног, хөлдөөгчид 8 сар хадгалж болно. Гэхдээ та зөвхөн чанаж болгосон, жишээлбэл жигнэсэн хэлбэрээр хөлдөөх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!