Гурвалжин будааны котлет: Мах ороогүй ч, махтай юм шиг л амтагдана

Манай Монголчууд жилийн 365 өдөр мах иддэг, махсаг ард түмэн. Гэхдээ ингэж өдөр бүр мах идэх нь бидний бие махбодид тийм ч сайн биш болохыг хэн хүнгүй мэдэх биз ээ. Долоо хоногтоо нэг өдрийг цагаан хоолны өдөр болгож, махгүй хоол хүнс идэж байхыг зөвлөе. Иймд өнөөдөр та бүхэндээ махгүйгээр хийж болох амттай котлетний жорыг хүргэж байна.

Орц:

  • Агшаасан гурвалжин будаа – 300 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Давс – 1 амны халбага
  • Хар перец – 1 амны халбага
  • Нунтаг халуун чинжүү
  • Сармис – 2 хумс
  • Лаазалсан шош – 200 гр

Лууван болон сонгиноо жижиглэн хэрчиж, хайруулын тавганд хийж хуурна. Хэт хуурч, түлж болохгүйг анхаараарай. Бага зэрэг хуураад гаргаж авна.

Том хэмжээтэй саванд агшаасан будаагаа хийж, дээр нь өндгөө нэмээрэй. Үүнийгээ гар блендэр ашиглаж, сайтар буталж зуурмаг болгох хэрэгтэй. Дээр нь хуурсан ногоо, сармис, амтлагч болон шошоо хийж ахин блендэрээр бутлах юм.

Ингээд бэлэн болсон зуурмагаа тэнцүү хэсгүүдэд хувааж, котлет хэлбэрт оруулж бэлтгээрэй. Үүнийгээ халаасан тосондоо хийж хоёр талаар нь шарна.

Алтан шаргал өнгөтэй болоод ирэхээр нь гаргаж, таваглаарай. Төрөл бүрийн салаттай хольж идэхэд тохиромжтой. Та сайхан хооллоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!