Биднийг наснаасаа илүү овортой харагдуулдаг жижиг алдаанууд

Ихэнх хүмүүс нас ахих тусам гадаад төрхөндөө илүү анхаарч эхэлдэг.Яагаад гэвэл залуу насандаа өөртөө тоомжиргүй хайхрамжгүй хандсанаа хожимдож ухаардаг гэнэ. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Бид энэ удаа наснаасаа хөгшин харагдуулдаг нийтлэг алдааг зургаар үзүүлсэн бөгөөд эдгээрийг анхаарч чадвал залуу шинэлэг дүр төрхөө хадгалах нь тийм ч хэцүү биш ажээ.

Гоёл чимэглэл

Том хэмжээтэй, үнэт эдлэл нь гадаад төрхийг хэт өнгөлөг, зохимжгүй харагдуулдаг учраас яагаад ч оновчтой сонголт биш. Үнэт эдлэл олны анхаарлыг татахаас илүүтэйгээр таны гоо сайхныг тодотгож чадахуйц нарийн, гоёмсог бүтэцтэй байх шаардлагатай. Ялангуяа ээмэгний хувьд авч үзвэл, нас ахих тусам коллаген дутагдаж, арьс унжиж эхэлдэг ба хүнд ээмэг чихний дэлбээг сунгаж илүү анхаарал татдаг нь үнэн. Гэхдээ та өөрийн хэв маягаа том гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхөд бэрх байвал том жижгээр нь хослуулан зүүхийг зөвлөж байна.

Үсний буруу хуваалт

Үсээ яг голоор тэгш хэмтэй хуваах нь их энгийн харагдуулдаг ч нөгөөтээгүүр сулбагар дүр төрхийг бүрдүүлэх талтай. Энэ хуваалт нь царайны зөв төрхтэй хүнд илүү зохидог боловч ихэнх тохиолдолд насыг нэмж оворжуу харагдуулах нь бий. Харин далий буюу 70/30 хуваалт нь дэгжин, хөнгөн харагддаг бөгөөд үсээ аль нэг тийш нь налуулан засах хэрэгтэй байх нь.

Хоолойтой цамц

Өвөл цагт дулаахан явах нь хамгаас чухал. Гэсэн хэдий ч хоолойтой цамцнаас зайлсхийх нь дээр. Хоолойтой цамц нь өндөр захтай тул ямар нэг шалтгааны улмаас хүзүүгээ нуухад тустай боловч үүнээс ч илүү анхаарлыг өөртөө татна. Дээрээс нь хүний биеийн галбир порпорцийг алдагдуулж харагдуулдаг байна. Харин энгийн захтай цамц эсвэл V хэлбэрийн захтай цамцыг өмсөхөд тохиромжтой бөгөөд хүзүүндээ үрчлээтэй бол гоёл чимэглэл, алчуур зэргээр далдлах боломжтой.

Улаан уруулын будаг

Тод улаан уруулын будаг нь эмэгтэй хүнийг өөртөө итгэх итгэлтэй болгож, цус сорогч эмэгтэй мэт мэдрэхэд тусалдаг. Харин нас явах тусам арай өөр. Хүний уруул цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нимгэрч өнгө нь бүдгэрдэг. Үүний учир хурц уруулын будаг гүн үрчлээг тодотгож оромдсон мэт харагдуулна. Нэмж хэлэхэд улаанаар будсан үед шүд шардуу өнгөтэй харагддаг гэнэ.

Нүдний доод хар хүрээ

Хүн урт хугацаанд ядарснаар нүдний хар хүрээ үүсдэг. Бидний ихэнх нь нойр дутуу явснаас хар хүрээ бий болдог хэмээн боддог ч үнэн хэрэгтээ өөхөн давхарга багасаж, арьс улам нимгэрснээр, нүдний судсыг мэдэгдэхүйц болгодог гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Гэсэн хэдий ч ретинол ба гилуроны хүчил агуулсан тос, кафейны хандтай өө дарагч зэргийг зөв сонгож ашигласнаар нүдний доод хөхрөлтөөс салах боломжтой.

Энгэрийн зүүлт

Өнөө цагт энгэрийн зүүлтийг гоёл чимэг болгон ашигладаг болсон. Тиймээс хуучинсаг биш энгэрийн зүүлтийг сонгодог хэв маягийн хувцасны захад зүүж өгөх нь наад захын анхаарах зүйл юм. Мөн та зүүлтийг өөр аргаар ч ашиглаж болно. Жишээ нь, энгэрийн задгай цамцыг зүүлтээрээ товчлох маягтай зүүснээр илүү тансаг харагдана.

Нүүр будалт, хувцаслалт

Нүүр будалт ба хувцасны өнгө зохицлын асуудал дээр загварын чиг хандлага тодорхойлогчид өөр өөр байр суурьтай байдаг ч нэг зүйлийг дуу нэгтэй хүлээн авдаг аж. Энэ нь загварын нийтлэг ойлголт, балансыг/тэнцвэр/ баримтлах нь чухал ба хэтрүүлэлгүй тааруулах хэрэгтэй гэсэн санаа юм. Тухайлбал тод ягаан даашинз дээр ижил өнгийн уруулын будаг түрхвэл ганган гэхээсээ илүү алдаа болж хувирна. Харин эсрэгээрээ цайвар завсрын өнгийг нүүр будалт хувцаслалтдаа ашиглавал нэлээн тохиромжтой байдаг байна. Мөн нэг дор хэт их тод өнгө оруулах хэрэггүй ба тодоор уруулаа будаж, өнгөлөг өмд өмссөн үед цамцаа бүдэг өнгөтэй сонгох нь “зөөлөн” харагдахад тустай.

Нүдний шилний оосор

Амьдралаа нүдний шилгүй төсөөлөхөд бэрх хүмүүсийн хувьд уг оосор маш хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ нь гадаад үзэмжид нөлөөлдөг тул загварын чиг хандлагыг байнга судлах нь зүйтэй. Орчин үед өөр өөр хэмжээтэй сувдан, төмөрөн гэх мэт загварлаг гинжнүүд гарч ирж байгаа бөгөөд силикон, даавуун зэрэг хуучинсаг хэв шинжүүдийг халах цаг нь болжээ.

Нүдний контур

Контур болон “смоки” будалт нь нэлээн чамин этгээд харагддаг ч нас ахих тусам эсрэгээрээ болдог гэнэ. Эмэгтэйчүүд 25 наснаас эхлэн бага зэрэг бүдэг гоо сайхны бүтээгдэхүүн сонгосноор илүү дур булаам харагдахаас гадна, арьсны бүтэц, үрчлээ, нүдний доогуурх хар хүрээ зэрэгт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэх шаардлагатай. Мөн залуу шинэлэг төрхийг бий болгохын тулд нүдний будаг, контураа хэтрүүлэлгүй усны хамгаалалттайг сонгох нь зөв бөгөөд доод зовхио будалгүй үлдээх нь дээр байдаг. Харин нүд ядарсан үед доод хэсэгт өө дарагч түрхвэл нэн тохиромжтой.

Дөрвөлжин хэлбэртэй хумс

Ихэнх хүмүүс маникюр хийх үед хумсны хэлбэрийг тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалан сонгодог. Мөн хурууны онцлог, хумсны бүтэц, хэлбэр аль алинаас нь хамаарч будаж, чимэглэж болно. Урт хуруутай, залуу хүнийх шиг гартай харагдахын тулд зууван хэлбэрийн хумс сонгох нь нэн түрүүний мартаж боломгүй зүйл билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!