Узбек үндэстний самса хийх амттай жор

Өнөөдөр та бүхэндээ Узбек үндэстний самса хийх жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Элдэв янзын амтлагч ордоггүй, ерөнхийдөө Монгол хоолтой төстэй тул танд болон таны гэр бүлийнхэнд таалагдах нь гарцаагүй. Дагаад хийгээд үзээрэй.

Орц:
  • Гурил – 400 гр (2 аяга)
  • Бүлээн буцалсан ус – 150-200 мл
  • Мах – 500 гр
  • Сонгино – 1 том
  • Давс
  • Цөцгийн тос – 100 гр
  • Гүнжидийн үр – 20 гр( хийхгүй байж болно)
  • Өндөг – 1 ширхэг (самсандаа түрхэх )

Хийх арга:

Гурилаа зуураад, 20 минут амраана. Цуйвангийн гурил шиг нэлээн биетэй, хатуувтар, гэхдээ элдэхэд амархан зөөлхөн байх хэрэгтэй. Махаа хэрчээд сонгино, давстайгаа хольж амтлаад , амраана. (Махандаа ус хийхгvй).

Гурилаа 3 тэнцүү хуваагаад, 40Х30 см орчим дөрвөлжилж элдэнэ. Цөцгийн тосоо хайлуулаад 1\3-г нь элдсэн гурилдаа жигд түрхэнэ. (Цуйвангийн гурилд тос түрхэж байгаа шиг). Ийм маягаар 3 гурилаа элдээд, дээр дээрээс нь тостой хэсгүүдээр нь давхарлаж тавиад, маш нарийхан, дотроо ямарч агааргүйгээр чанга хуйлна. 4,5 см диаметртэй урт ороомог болно. Түүнийгээ 1,5 см өргөнтэйгөөр эсвэл 24 ш тэнцүү хуваана. Хуваасан хэсгүүдээ, дээрээс нь гялгар уутаар хучаад хөргөгчинд 1 цаг хөргөнө эсвэл хөлдөөгчинд 20-30 мин царцаана.

Царцсан гурилуудаа тостой үелсэн талаас нь буузны гурил шиг элдэнэ. Зах нь нимгэн, гол нь зузаавтар 8,9 см орчим диаметртэй дугуй болно. Голд нь махаа хийгээд ( 1 том а\х) гурвалжилж чимхэнэ. Чимхсэн талаар нь доош харуулан, хүнсний цаастай листэн дээрээ тавиад, өндөгөө жигд түрхээд, дээрээс нь гүнжидийн үрээ цацаж өгнө. Халаасан шарах шүүгээнд 200С дээр 45 мин болгоод бэлэн.

Анхаарах зүйл:

Самсагаа гаргаад битүү тагтай саванд хийхээр гурил нь зөөлрөөд, гоё болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!