Хувцасны эдэлгээг богиносгож, амархан өнгөө алдахад хүргэдэг алдаанууд: Бид хувцсаа буруу угааж бас өмсдөг

Хувцасны шошгон дээрх зааврыг анхааралтай уншиж угаах, индүүдэх бүх дүрмийг дагаж мөрдсөн ч дуртай өмд цамц зэргээ гандааж муутгах үе бишгүй тохиолддог. Тийм ч учраас энэ удаад хүмүүсийн хувцсаа өмсөж, цэвэрлэхдээ гаргадаг нийтлэг адаануудыг танилцуулж, үүнээс хэрхэн зайлсхийх талаар хэрэгцээт зөвлөмжүүдийг хүргэхээр бэлдлээ.

  1. Үүргэвч үүрэх

Зарим хувцас удаагүй байж бөөсрөн, онцгүй харагддаг шүү дээ. Тэгвэл энэ нь хувцас давхарлаж өмсөх болон үүргэвч үүрснээс болдог ба нэг ёсондоо цамц, үүргэвч хоорондоо шүргэлцэж бөөсрөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс ноос, хөвөн давуу, акрилан материалтай хувцас өмссөн бол цүнх үүрэхээс татгалзаарай.

  1. Үнэртэй усыг шууд хувцасруугаа цацах

Сүрчигний зарим найрлага нь хувцасны өнгийг алдуулж гандаах нөлөөтэй байдаг. Гэхдээ үүнээс зайлсхийхийн тулд үнэртэй усаа эхлээд биеийнхээ тодорхой хэсгүүдэд түрхээд хатсаных нь дараа хувцаслах хэрэгтэй.

Мөн хувцсан дээрх толбыг арилгахдаа юун түрүүнд хүйтэн усаар зайлж угаана. Дараа нь глицерин болон усыг тэнцүү хэмжээгээр хольж, тухайн толбон дээр түрхэн 1 цаг орчим байлгаад угаавал мэдэгдэхүйц арилсан байх болно.

  1. Хиймэл торго буюу силкэн материалтай хувцсыг гадна талаас нь индүүдэх

Силкэн хувцсыг гадна талаас нь индүүдвэл гялайж түлэгдсэн мэт харагддаг тул заавал дотор талаас нь индүүдэх ёстой байдаг. Гэхдээ зарим энэ төрлийн материалыг индүүдэхийг зөвлөдөггүй тул эхлээд шошгыг нь сайтар уншаарай.

  1. Хувцсаа угаахдаа зөвхөн өнгөөр нь ялгах

Угаах хувцсаа ганцхан өнгөөр нь төдийгүй материалын төрлөөр нь ангилахыг зөвлөж байна. Жишээ нь, зузаан даавууг нимгэн даавуутай хийвэл нимгэн нь урагдаж хөврөх эрсдэлтэй. Тиймээс ор дэрний уут, жинсэн өмд, подволк зэргийг нэг дор хамт угаах нь огт зөв үйлдэл биш гэдгийг санаарай.

  1. Хар хувцсыг буруу аргаар угаах

Хар хувцасныхаа өнгийг алдуулахгүйн тулд бага температурт богино хугацаанд угаах хэрэгтэй байдаг. Мөн хуурай угаалгын нунтаг нь хүйтэвтэр усанд сайн уусдаггүй тул шингэнийг хэрэглээрэй. Үүнээс гадна хар хувцсаа угаахын өмнө буруу харуулан, дотор талаар нь угааж хатаавал илүү дээр байдаг.

  1. Жинсэн хувцсыг байнга угаахгүй байх

Жинсэн хувцсыг өмсөх үед утаснууд нь суларч, цаг хугацааны явцад өвдөг гарах, сунах зэрэг асуудал үүсдэг. Тэгвэл ийм хувцсыг ойр ойрхон угааснаар үүнээс урьдчилан сэргийлэх ба бага зэрэг томдсон бол халуун усанд угаан агшааж болдог.

  1. Хувцсаа удаан дэвтээх

Бохирдсон хувцсыг дэвтээж орхивол сайн угаагдана гэж олон хүн боддог ч, хэт удаан байлгавал өнгө болоод хэлбэрээ алдах магадлалтай. Ерөнхийдөө торон ба нэхмэл хувцсыг 2-3 минут, торго ноосыг 30 минут, хөвөн даавуу болон бусад нарийн ширхэгтэй даавууг 1 цагаас илүүгүй хугацаанд байлгахад тохиромжтой байдаг аж.

  1. Наалдамхай өнхрүүш ашиглах

Хэдийгээр наалдамхай буюу цавуулагтай өнхрүүш нь хувцсанд наалдсан үс хялгасыг хялбархан авахад тусалдаг ч, дараа нь цавууны үлдэгдэл хувцсанд үлдэж, улмаар үс тоосыг илүү ихээр татах нөхцөл бүрддэг байна. Тиймээс үүний оронд энгийн сойз хэрэглэхийг санал болгоё.

  1. Подволкоо захнаас нь татаж тайлах

Ихэнх хуучирч муудсан подволкнуудын зах нь сунаж дарайсан байдаг. Энэ нь мэдээж үүнийг тайлахдаа захнаас нь татаж заншсантай холбоотой бөгөөд подволкоо тайлахдаа зүгээр л хормойноос нь барьж байгаад дээш татвал илүү удаан өмсөх болно.

  1. Тааран материалтай хувцасаа хуурайгаар нь индүүдэх

Тааран хувцасныхаа хэлбэр хэмжээг алдагдуулахыг хүсэхгүй байгаа бол индүүдэхээс 5-10минутын өмнө усаар шүршиж, ялангуяа зах, ханцуй, халаасны хэсгүүдийг чийглэх хэрэгтэй. Дараа нь хувцасаа бүрэн хатсаных нь дараа өмсөхгүй бол амархан үрчийхийг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!